Өмнөд Солонгосын өрхүүд хиймэл оюуны өсөлтөөс төдийлөн ашиг хүртэж чадахгүй байна
Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспорт хиймэл оюуны эрэлтээр өсч, тус улсын экспорт оны эцэст 1 их наяд ам.

Өмнөд Солонгосын эдийн засаг хиймэл оюуны эрэлтээс ихээхэн ашиг хүртэж байгаа ч хөрөнгийн зах зээлийн огцом уналт өрхийн хэрэглээг хумиж, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн тэгш бус байдлыг улам тодруулж байна. Тус улсын хагас дамжуулагч үйлдвэрлэгч “SK Hynix” болон “Samsung Electronics” компаниуд хиймэл оюуны дата төвүүдэд ашиглах санах ойн чипийн эрэлт нэмэгдсэнээр ажилтнууддаа түүхэнд байгаагүй өндөр урамшуулал олгохоор төлөвлөөд буй. Харин хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулсан олон сая иргэн хиймэл оюуны салбарын өндөр зардал, хөрөнгө оруулалтын өгөөжтэй холбоотой эргэлзээнээс үүдсэн ханшийн савлагаанд алдагдал хүлээж байна. Өмнөд Солонгос энэ онд АНУ, Хятад болон Германы хамт жилийн экспорт нь 1 их наяд ам.долларт хүрсэн орнуудын эгнээнд нэгдэх төлөвтэй байгаа юм. Гэвч тус улсын өрхийн хэрэглээ гуравдугаар улиралд сүүлийн хоёр орчим жилийн хугацаанд анх удаа агшаад байгаа юм.
Kospi индекс оргил үеэсээ 40 гаруй хувиар унажээ Өмнөд Солонгосын голлох Kospi индекс зургадугаар сард тогтоосон түүхэн дээд түвшнээсээ 40 гаруй хувиар буурч, зөвхөн энэ сар гэхэд 12 хувийн уналт үзүүлжээ. АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулснаар хиймэл оюуны хөгжүүлэлт болон дата төвийн бүтээн байгуулалтад тавих хяналт чангарах хүлээлт нэмэгдсэн нь технологийн компаниудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж буй. Өмнөд Солонгосын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагын мэдээллээр тус улсын 52 сая иргэний 25 орчим хувь нь хувьцаанд хөрөнгө оруулдаг. Иймээс хөрөнгийн зах зээлийн уналт зөвхөн хөрөнгө оруулагчдын алдагдлаар хязгаарлагдахгүй, өрхийн хэрэглээнд шууд нөлөөлөх эрсдэлтэй байдаг аж. Тухайлбал, өргөн хэрэглээний барааны компанид ажилладаг 34 настай иргэн Куон Сүн Гүк хиймэл оюуны салбарын өсөлтөөс ашиг хүртэхээр хувьцаанд их хэмжээний хөрөнгө оруулсан ч зах зээлийн уналтаас алдагдал хүлээснээс шалтгаалан ресторанд хооллож, шинэ хувцас худалдан авахаар төлөвлөөд байсан зардлаа танахын зэрэгцээ Зул сарын баяраар Токио руу аялах төлөвлөгөөгөө цуцалжээ. Үүний адилаар санхүүгийн салбарын ажилтан, 44 настай иргэн И Мин Жүн хагас дамжуулагчийн компаниудын хувьцаатай холбоотой хөшүүрэгтэй биржээр арилжаалагддаг сангуудад хөрөнгө оруулсан ч нийт хөрөнгийнхөө 65 хувийг буюу 10 орчим сая воны алдагдал хүлээсэн байна. Улмаар эхнэртэйгээ хамт 6 сая воноор өвлийн хүрэм худалдаж авах төлөвлөгөөнөөсөө татгалзжээ.
Хагас дамжуулагчийн салбар нийт ажиллах хүчний ердөө 0.8 хувийг бүрдүүлдэг Хиймэл оюуны эрэлт Өмнөд Солонгосын экспортын өсөлтөд түлхэц болж байгаа ч хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь хөрөнгө их шаарддаг, харьцангуй цөөн ажлын байр бий болгодог салбар аж. Засгийн газрын мэдээллээр оны эхний улиралд тус салбарт 174,000 орчим хүн ажиллаж байсан нь боловсруулах үйлдвэрлэлийн ажиллах хүчний 4 хувь, улсын нийт ажиллах хүчний ердөө 0.8 хувьтай дүйж байна. Иймээс хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн ашиг нэмэгдсэн ч цалин, ажлын байр, өрхийн орлогоор дамжин эдийн засгийн бусад сегментэд үзүүлэх үр өгөөж хязгаарлагдмал хэвээр байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён хагас дамжуулагчийн салбарын өсөлтөөс бүрдсэн татварын нэмэлт орлогыг бусад салбарт хуваарилах зорилгоор 162.3 их наяд вон буюу 121 тэрбум ам.долларын “Ирээдүйн сорилтод хариу өгөх сан” байгуулахаар төлөвлөжээ. Уг сангаар дамжуулан өсөлтийн шинэ салбарууд, залуучууд, бүс нутгийн хөгжил болон боловсролыг дэмжихээр зорьж байна. Үүний зэрэгцээ Олон улсын валютын сан Өмнөд Солонгосын эдийн засаг хиймэл оюуны салбарын өсөлтөөс урт хугацаанд үр өгөөж хүртэхийн тулд хүн амын хурдацтай хөгшрөлт, бүс нутгийн ялгаа, компаниуд болон ажилтнуудын бүтээмжийн зөрүү зэрэг бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ.
Хөрөнгө оруулагчдын мөнгөн үлдэгдэл 36 хувиар буурлаа Өмнөд Солонгосын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбооны мэдээллээр хувьцааны арилжааны данс дахь хөрөнгө оруулагчдын мөнгөн үлдэгдэл өнгөрсөн оны эцэст 87.8 их наяд вон байсан бол энэ оны зургадугаар сарын сүүлээр 136.8 их наяд вонд хүрч, түүхэн дээд түвшнийг тогтоожээ. Гэвч зах зээлийн уналтын дараа уг үзүүлэлт 86.9 их наяд вон болж, оргил үеэсээ 36.5 орчим хувиар буурсан байна. “Citi” группийн эдийн засагч Ким Жин Үк дөрөвдүгээр улиралд өрхийн хэрэглээ буурах эрсдэл өндөр байгааг анхааруулжээ. Түүний тооцоолсноор Kospi индексийн сүүлийн уналтын улмаас Өмнөд Солонгосын өрхүүдийн оны эхнээс хуримтлуулсан хувьцааны хөрөнгийн өсөлт бараг бүрэн арчигдах нөхцөл бүрдсэн байна. Kospi индекс мягмар гарагийн арилжаагаар 5,000 нэгжээс уруудаж, хоёрдугаар сарын эхнээс хойших доод түвшинд хүрээд буй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





