Кофе тогтмол уух нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, бичил биетийн олон янз байдалд нөлөөлдөг байж болзошгүй
Копенгагены их сургуулийн эрдэмтэд 61 настай, эрүүл чийрэг хүмүүсийг хамруулсан судалгаагаар кофе тогтмол уудаг хүмүүсийн нарийн гэдэсний хүчиллэг байдал болон бүдүүн гэдэсний агшилтад ялгаатай…

Өдөр бүр уудаг аяга кофе нойр сэргээхээс гадна хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг байж болохыг Данийн Копенхагены их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгаа харуулжээ.
Судлаачид 61 насныхны кофены хэрэглээ, гэдэсний бичил биетийн олон янз байдал болон хоол боловсруулах замын үйл ажиллагааг харьцуулан судалсан байна.
"Gut Microbiology" сэтгүүлд нийтэлсэн судалгааны үр дүнд кофе тогтмол хэрэглэдэг хүмүүсийн нарийн гэдэсний pH харьцангуй бага буюу илүү хүчиллэг, харин кофены хэрэглээ өндөр байх нь бүдүүн гэдэсний агшилт илүү олон давтагдах нь ажиглагджээ.
Судалгаанд оролцогчдын гэдэсний үйл ажиллагааг хэрхэн хэмжсэн бэ? Судлаачид оролцогчдыг есөн өдөр дараалан ажиглаж, найман өдрийн турш хэрэглэсэн хоол, ундааг нь бүртгэж үзжээ. Мөн шээсэн дэх кофеины хэрэглээтэй холбоотой бодисын хэмжээг шинжилж, кофены хэрэглээний мэдээллийг давхар үнэлсэн байна.
Оролцогчдын 50 нь “SmartPill” нэртэй утасгүй мэдрэгч бүхий капсул залгисан бөгөөд уг төхөөрөмж хоол боловсруулах замаар дамжихдаа хүчиллэг байдал, температур, даралт, дамжин өнгөрөх хугацаа болон гэдэсний агшилтын мэдээллийг бүртгэжээ.
Судалгаанд найман өдрийн дөрөв болон түүнээс олон өдөр өдөрт нэгээс таван аяга кофе уусан хүмүүсийг тогтмол хэрэглэгч, бусад оролцогчийг кофе харьцангуй цөөн хэрэглэдэг бүлэгт хамруулсан байна.
Судлаачид оролцогчдын өөрсдийн мэдүүлсэн мэдээлэлд тулгуурлах бус, хоол боловсруулах замын үйл ажиллагааг төхөөрөмжөөр хэмжсэн нь судалгааны онцлог болжээ.
Кофе бүдүүн гэдэсний агшилтыг идэвхжүүлдэг үү? Судалгааны тэргүүлэх зохиогч, Копенгагены их сургуулийн докторант Франческа Буччигийн тайлбарласнаар, кофе тогтмол хэрэглэх нь гэдэсний бичил биетийн бүтцээс гадна хоол боловсруулах замын физиологийн үйл ажиллагаатай холбоотой байж болохыг үр дүн харуулжээ.
Бүдүүн гэдэсний агшилт нь боловсорч буй өтгөнийг урагшлуулахад чухал үүрэгтэй. Иймээс агшилтын хэвийн үйл ажиллагаа нь өтгөн хаталтаас сэргийлдэг хэмээн тайлбарласан байна. Мөн кофе тогтмол хэрэглэдэг хүмүүсийн нарийн гэдэсний pH бага байсан ч энэ өөрчлөлт эрүүл мэндэд ашигтай эсвэл сөрөг нөлөөтэй эсэх нь тодорхойгүй байна.
Зөвхөн кофеин бус, кофены бусад нэгдэл нөлөөлж болзошгүй Кофе нь кофеинээс гадна полифенол зэрэг биологийн идэвхт олон зуун нэгдэл агуулдаг. Судалгааны ахлах зохиогч, Копенгагены их сургуулийн дэд профессор Хенрик Мунк Роагерын тайлбарласнаар, кофены хэрэглээ болон бүдүүн гэдэсний агшилт хоорондын холбоог хэд хэдэн механизмаар тайлбарлажээ.
Тухайлбал, кофе ходоод болон мэдрэлийн тогтолцоогоор дамжин бүдүүн гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлдэг байж болно. Эсвэл кофенд агуулагдах зарим нэгдэл бүдүүн гэдэсний эсүүдтэй шууд харилцан үйлчилж, агшилтыг нэмэгдүүлэх боломжтой.
Үүнээс гадна кофе уусны дараа хоол боловсруулах замын хөдөлгөөн идэвхжихэд гастроколик рефлекс буюу хоол, ундаа хэрэглэсний дараа бүдүүн гэдэсний хөдөлгөөн нэмэгдэх байгалийн урвал оролцож болзошгүй.
Сонирхолтой нь, өмнөх судалгаануудад кофеингүй кофе ч бүдүүн гэдэсний агшилтыг идэвхжүүлж болохыг ажигласан байна. Энэ нь кофены нөлөөг зөвхөн кофеиноор тайлбарлах нь хангалтгүйг харуулж байгаа юм.
Кофе өтгөн хаталтыг эмчлэх боломжтой юу? Судалгааны үр дүн кофены хэрэглээг өтгөн хаталтын эмчилгээ гэж үзэх үндэслэл болохгүйг эрдэмтэд анхааруулжээ. Кофе гэдэсний хөдөлгөөнийг түр хугацаанд идэвхжүүлдэг талаар судалгааны нотолгоо байгаа ч архаг өтгөн хаталтыг тогтвортой эмчилдэг эсэхийг батлах хангалттай хэмжээний клиник туршилт хийгдээгүй байна.
Зарим судалгаанд хэвлийн хөндийн мэс заслын дараа кофе уух нь гэдэсний хэвийн үйл ажиллагаа хурдан сэргэхтэй холбоотой байсан ч үүнийг архаг өтгөн хаталттай хүмүүст шууд хамааруулж болохгүй юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар кофе уухад хоол боловсруулах үйл ажиллагаа хэвийн, таагүй шинж тэмдэг илэрдэггүй бол хэрэглээгээ заавал зогсоох шаардлагагүй. Харин кофе уусны дараа гэдэс эвгүйрхэх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол хэрэглээгээ багасгах нь зүйтэй гэжээ. Судлаачид цаашид нэг оролцогчийг кофе хэрэглэж байгаа болон хэрэглээгүй үеүүдэд нь харьцуулсан хяналттай туршилт хийх шаардлагатай гэж үзэж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





