Өмнөд Солонгосын “КакаоБанк” Монголын “М банк”-ны 15 хувийг эзэмшихээр гэрээ байгууллаа
Өмнөд Солонгосын тэргүүлэгч дижитал банкуудын нэг “КакаоБанк” Монголын бүрэн дижитал “М банк”-ны хувьцааны 15 хувийг эзэмших гэрээг үзэглэлээ.

Өмнөд Солонгосын тэргүүлэгч дижитал банкуудын нэг “КакаоБанк” Монголын бүрэн дижитал “М банк”-ны хувьцааны 15 хувийг эзэмших гэрээг үзэглэлээ. Ингэснээр Солонгосын банкны технологи, зээлийн эрсдэлийн удирдлагын туршлагыг Монголын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх стратегийн түншлэлийн суурь тавигдаж байна.
“КакаоБанк” нь 27 сая гаруй харилцагчтай, нийт хөрөнгийн хэмжээ нь 60 тэрбум ам.доллар орчимд хүрсэн томоохон дижитал банк юм. Тус банк өмнө нь Индонезийн “Superbank”, Тайландын “BankX”-тэй стратегийн түншлэл байгуулсан бөгөөд Монголын “М банк”-тай хийж буй гэрээ нь олон улсын зах зээл дэх гурав дахь томоохон стратегийн түншлэл болж буй.
Мөн энэхүү хөрөнгө оруулалтаар “КакаоБанк” Зүүн өмнөд Азид хэрэгжүүлж буй тэлэлтийн стратегиа Монголын зах зээлд үргэлжлүүлж, Төв Азийн бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг судалж байна.
Зээлийн түүхгүй иргэдэд шинэ боломж нээхээр төлөвлөжээ Хамтын ажиллагааны нэг гол чиглэл нь зээлийн эрсдэлийг үнэлэх технологи юм. “КакаоБанк” Өмнөд Солонгост зээлийн түүх багатай болон огт зээлийн түүхгүй харилцагчдад санхүүгийн үйлчилгээ хүргэх чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “М банк”-тай зээлийн онооны шинэ систем хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Уг систем нь харилцагчдын зээлийн эрсдэлийг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгож, иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэхэд чиглэх юм.
“М банк”-ны гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн энэхүү хамтын ажиллагаа нь банкны санхүүгийн чадавхыг бэхжүүлж, урт хугацааны өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэдгийг онцолжээ. Тэрбээр мөн энэхүү түншлэл нь Монголын иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гадаадын банк хувьцаа эзэмшигчээр орж ирж буй анхны тохиолдол хэмээн тодорхойлсон байна.
Харин “КакаоБанк”-ны гүйцэтгэх захирал Юн Хо Юнг хоёр банкны дижитал санхүүгийн чадавхыг нэгтгэснээр Солонгосын санхүүгийн технологийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





