Цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тусгасан 2027 оны төсвийг өнөөдөр эцэслэн батална
Улсын Их Хурлын арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлахаар байна Засгийн газар 2027…

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлахаар товложээ.
Засгийн газар 2027 оны төсвийн багц хуулийн төслүүдийг наймдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Анхны төсөлд эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь, инфляцыг 7 орчим хувь байхаар төсөөлж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцсон юм. Улмаар төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд барихаар төлөвлөсөн байна.
Цалин, тэтгэвэр болон татварын хөнгөлөлтөд юу тусгасан бэ? 2027 оны төсвийн төсөлд иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр тусгажээ.
Тухайлбал, төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны хоёрдугаар улирлаас 10 хувиар өсгөх бол төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүнд 211,600 албан хаагчийг хамруулж, 887.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт тусгасан байна.
Мөн сарын 792,000 төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлөх, гарааны бизнесийн ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг санал болгожээ. Засгийн газрын тооцоолсноор эдгээр арга хэмжээ нэг сая орчим иргэний татвар, шимтгэлийн ачааллыг нийт нэг их наяд төгрөгөөр бууруулах боломжтой аж.
Сургууль, эмнэлэг, авто замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулна 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан төлөвлөгөөгөөр гадаад зээл, тусламж, улсын төсөв болон Оюу толгойн ногдол ашгийн эх үүсвэрийг хамруулан нийт 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцсон.
Үүний хүрээнд 2027 онд дараах бүтээн байгуулалтыг дуусгахаар төлөвлөсөн байна.
- 94 сургууль, 49 цэцэрлэгийг ашиглалтад оруулах;
- 36 эмнэлэг, 42 дотуур байрны барилгын ажлыг дуусгах;
- 375 километр авто замын бүтээн байгуулалтыг дуусгах;
- Таван боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, хоёр боомтын барилгын ажлыг шинээр эхлүүлэх.
Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эрчим хүч болон логистикийн дэд бүтцийг сайжруулахад санхүүжилт чиглүүлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын тооцооллоор эдгээр хөрөнгө оруулалтын хүрээнд 110,000 ажлын байрыг хадгалж, 23,500 ажлын байр шинээр бий болгох боломжтой гэж үзсэн байна.
Төсвийн хэлэлцүүлгийн явцад ямар өөрчлөлт оров? УИХ-ын арваннэгдүгээр сарын 6-ны дөрөв дэх хэлэлцүүлгийн дараах тооцоогоор нэгдсэн төсвийн орлогыг 39.28 их наяд, зарлагыг 41.58 их наяд төгрөг байхаар тусгаж, алдагдлыг 2.3 их наяд төгрөгийн түвшинд хадгалахаар тооцжээ.
Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахдаа 2027 онд дуусах төслүүдийн санхүүжилтийг хэвээр үлдээж, 2028–2029 онд үргэлжлэх зам, тээврийн төслүүдийн 2027 оны санхүүжилтийг 20.9 хувиар, бусад салбарын үргэлжлэх төслүүдийнхийг 10 хувиар бууруулахаар болсон.
Мөн цалин, хүүхдийн мөнгө, нийгмийн хамгаалал болон боловсролын зарим санхүүжилтийг хэвээр үлдээж, төрийн байгууллагуудын бусад урсгал зардлыг 6.5 хувиар бууруулахаар тусгажээ.
Түүнчлэн Оюу толгойгоос төвлөрүүлэх ногдол ашгийг тодорхой хөрөнгө оруулалтын төслүүдэд зарцуулах анхны төлөвлөгөөг өөрчилж, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх асуудал хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг болсон юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





