Дональд Трамп Тим Күүкийг “Nvidia”-ийн дараагийн гүйцэтгэх захирлаар санал болголоо
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Apple”-ийн гүйцэтгэх захирал асан Тим Күүкийг “Nvidia”-ийн дараагийн удирдагчаар ажиллуулах санал дэвшүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн дараагийн гүйцэтгэх захирлаар “Apple”-ийн удирдагч асан Тим Күүкийг ажиллуулах санал дэвшүүлжээ. Тэрбээр пүрэв гарагт нийгмийн сүлжээндээ Тим Күүкийг Женсен Хуаныг залгамжлах цорын ганц тохирох хүн хэмээн тодорхойлж, “Нэг домгийг нөгөө домог орлох ёстой” гэж мэдэгдсэн байна.
Трампын санал “Nvidia”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуангтай хамтын ажиллагаагаа дуусгавар болгож, шинэ гүйцэтгэх захирал хайж эхэлсэнтэй давхцаж байгаа юм. Компанийн зүгээс дотоод болон гаднын нэр дэвшигчдийг авч үзэхээ мэдэгдсэн ч Тим Күүкт албан ёсоор санал тавьсан эсэх нь тодорхойгүй байна.
Тим Күүк 2011 онд “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс агсны дараа гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авч байв. Тэрбээр 15 жилийн хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээг ойролцоогоор 350 тэрбум ам.доллароос 4.5 их наяд ам.долларт хүргэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын нэг болгожээ.
Түүний удирдлагын үед “Apple Watch”, “AirPods” зэрэг бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч, компанийн үйлчилгээний бизнес орлогын томоохон эх үүсвэр болон өргөжсөн. Мөн Хятад дахь үйлдвэрлэлийн сүлжээг бэхжүүлсэн нь үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлсэн ч АНУ-ын тарифын бодлоготой холбоотой эрсдэлийг өсгөсөн юм.
Тим Күүк 2026 оны есдүгээр сард “Apple”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа Жон Тернуст шилжүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх даргаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Тэрбээр Дональд Трамптай тогтмол харилцаатай байж, Цагаан ордны бодлогын хүрээнд компанийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарч ирсэн.
Стив Жобс шиг нөлөө бүхий үүсгэн байгуулагчийг залгамжлан дэлхийн хэмжээний технологийн компанийг удирдсан туршлага нь Тим Күүкийг “Nvidia”-ийн дараагийн захирлын боломжит хувилбаруудын нэг болгож буй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





