“Microsoft”-ийн үйлчилгээнд таван цаг гаруй доголдол гарч, Outlook-ийн талаар 138 мянган гомдол бүртгэгджээ
Арваннэгдүгээр сарын 12-нд “Microsoft”-ийн Outlook, Teams болон Microsoft 365 үйлчилгээнд өргөн хүрээний доголдол гарч, хэрэглэгчид цахим шуудан болон ажлын программдаа нэвтрэхэд хүндрэл учирчээ.

АНУ-ын технологийн “Microsoft” компанийн Outlook, Teams болон Microsoft 365 үйлчилгээнд арваннэгдүгээр сарын 12-нд өргөн хүрээний доголдол гарч, хэрэглэгчид цахим шуудан илгээх, хүлээн авах болон байгууллагын ажлын программдаа нэвтрэхэд хүндрэл учирсан талаар “Reuters” мэдээллээ.
Доголдол таван цаг гаруй үргэлжилж, үйлчилгээний тасалдлыг бүртгэдэг “Downdetector” платформд Outlook-тэй холбоотой гомдлын тоо оргил үедээ 138,058-д хүрчээ.
“Microsoft”-ийн тайлбарласнаар зарим сервер гэнэтийн байдлаар ажиллагаагүй болж, бусад серверийн ачаалал нэмэгдсэн нь доголдолд нөлөөлсөн байна. Компани үйлчилгээг сэргээхийн тулд сүлжээний урсгалыг өөр серверүүд рүү шилжүүлж, ажиллагаагүй болсон системүүдийг үе шаттай сэргээх арга хэмжээ авчээ.
Доголдол зөвхөн АНУ-ын хэрэглэгчдээр хязгаарлагдаагүй бөгөөд “OpenAI”, “Anthropic” компаниудын Microsoft 365-тай холбогдох үйлчилгээнд мөн нөлөөлсөн тухай мэдээлсэн байна.
“Reuters”-ийн мэдээлснээр АНУ-ын зүүн эргийн цагаар арваннэгдүгээр сарын 12-ны 18:00 цагийн байдлаар Outlook-ийн доголдлын талаарх гомдол 34,490 орчим болж буурчээ. Гэсэн ч тухайн үед үйлчилгээ бүрэн сэргээгүй, зарим хэрэглэгчийн холболт аажмаар хэвийн болж байсан аж. Цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч “Workhorse” групп энэхүү доголдлын улмаас гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах хугацааг арваннэгдүгээр сарын 12-ноос 16-нд шилжүүлэхэд хүрсэн байна.
Энэ удаагийн доголдол нь байгууллагуудын цахим шуудан, дотоод харилцаа холбоо болон өдөр тутмын үйл ажиллагаа үүлэн технологийн дэд бүтцээс хэрхэн хамаарч байгааг харууллаа. Төвлөрсөн системийн доголдол олон байгууллагын ажлын урсгалд зэрэг нөлөөлөх эрсдэлтэй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





