Өнөөдөр ажлын бухимдлаа тайлах "Happy Hour" өдөр тохиож байна
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-нд АНУ болон зарим оронд “Happy Hour Day” буюу “Аз жаргалтай цагийн өдөр”-ийг албан бусаар тэмдэглэдэг.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг АНУ тэргүүтэй зарим оронд "Аз жаргалтай цагийн өдөр" буюу “Happy Hour Day” хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөр нь ажлын ачааллын дараа найз нөхөд, хамт олонтойгоо уулзаж алжаалаа тайлах, зоогийн газар болон лоунжуудаар хямдралтай үйлчлүүлэх соёлыг сурталчилдаг албан бус, хөгжөөнт тэмдэглэлт өдөр юм.
Яагаад "Happy Hour" хэмээн нэрлэх болов? Орчин үед "Happy Hour" гэхээр ажлын өдрүүдийн оройн 16:00–19:00 цагийн хооронд уух зүйлс, хөнгөн зуушийг хямдруулдаг үйлчилгээгээр хүмүүс төсөөлдөг. Гэвч энэ нэр томьёоны үүсэл тэс өөр салбараас буюу цэргийн тэнгисийн флотоос эхлэлтэй. Тодруулбал, 1913 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн "USS Arkansas" хөлөг онгоцны далайчид урт хугацааны далайн аяллын уйтгарыг сэргээх зорилгоор долоо хоног бүр дуу хөгжим, бүжиг, кино үзвэр, боксын тэмцээн зохион байгуулж, түүнийгээ "Аз жаргалтай цаг" хэмээн нэрлэжээ. Хожим 1920-иод оны АНУ-ын "Хуурай хууль"-ийн үед хүмүүс оройн хоолны өмнө нууц газруудад цугларч амсхийдэг байснаар энэ үг нийтийн хоол, үйлчилгээний салбарт шилжин орж, 1950-иад оноос өнөөгийн хямдралтай цагийн хэлбэрээ олсон түүхтэй.
Дэлхий нийтийн хандлага ба хязгаарлалт Хэдийгээр "Аз жаргалтай цаг" хэмээх урамшууллын соёл манай улс болон дэлхийн олон орны ресторан, пабуудад нэвтэрсэн ч 11-р сарын 12-ны өдрийг тусгайлан тэмдэглэх нь зөвхөн АНУ-ын соёлын хүрээнд түгээмэл байдаг. Мөн Ирланд, Шотланд болон Канадын зарим мужид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх зорилгоор "Happy Hour" хямдрал зарлахыг хуулиар хориглосон байдаг аж. Ямартай ч энэ өдөр нь заавал согтууруулах ундаа хэрэглэх гэхээс илүүтэй өдөр тутмын завгүй хэмнэлээс түр хөндийрч, ойр дотнын хүмүүстэйгээ халуун дулаан яриа өрнүүлэн, өөртөө "аз жаргалтай цаг"-ийг зориулахыг сануулдаг өдөр юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





