УИХ өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох саналыг хэлэлцэнэ
УИХ-ын хоёр байнгын хороо Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай хуулийн төсөл санаачлах саналыг өнөөдөр хэлэлцэнэ. Иргэн Х.

Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгаас иргэн бүрийн хувийн дансанд 857 мянган төгрөг шилжүүлэх тухай хуулийн төсөл санаачлах саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын албан ёсны хуралдааны товд хамтарсан хуралдааныг 15:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хийхээр тусгасан байна.
Энэхүү асуудал нь Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд шууд хуваарилах эцсийн шийдвэр биш бөгөөд иргэдийн гаргасан өргөдлийн дагуу холбогдох хуулийн төсөл санаачлах эсэхийг хэлэлцэх үйл явц юм.
100 мянга гаруй иргэн өргөдлийг дэмжжээ
Иргэн Х.Оюунбилэг аравдугаар сарын 23-нд Оюу толгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдлийг гаргасан.
Уг өргөдлийг арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар 100,094 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна.
Ийнхүү иргэдийн дэмжлэг шаардлагатай босгод хүрсэн тул УИХ-ын дарга арваннэгдүгээр сарын 5-нд өргөдлийг Эдийн засгийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлжээ.
Хамтарсан хуралдаанаар өргөдлийг хэлэлцэх бөгөөд цаашид хууль санаачлах, боловсруулах эсэх асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх юм. 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах, улсын төсөв болон Үндэсний баялгийн сантай холбоотой зохицуулалтад ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг хууль, санхүүгийн хүрээнд тусад нь шийдвэрлэх шаардлагатай. Иймээс өнөөдрийн байнгын хороодын хэлэлцүүлгээр иргэдэд мөнгө шилжүүлэх хугацаа, журам, санхүүжилтийг эцэслэн тогтоохгүй. Харин иргэдийн дэмжлэг авсан саналыг парламентын түвшинд авч үзэж, цаашид хууль тогтоох үйл ажиллагаанд шилжүүлэх эсэхийг хэлэлцэх юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





