$15,000-оор солирын хэлтэрхийгээр чимэглэсэн iPhone Duo худалдан авах боломжтой
Тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч “Caviar” компани сансрын солирын хэлтэрхийгээр чимэглэх боломжтой “iPhone Duo” загварын гар утасны тусгай цуглуулгаа танилцуулжээ.

Сансрын нэг хэсгийг халаасандаа авч явмаар байна уу? Тэгвэл 15,000 орчим ам.доллар бэлдэх хэрэгтэй болжээ. Тансаг зэрэглэлийн гар утасны загвар өөрчлөн үйлдвэрлэдэг “Caviar” компани “Apple”-ийн эвхэгддэг “iPhone Duo”-г солирын хэлтэрхий, үнэт металл, эрдэнийн чулуугаар чимэглэх боломжтой “Zodiac” цуглуулгаа танилцуулсан байна.
Шинэ цуглуулгын хамгийн сонирхолтой зүйл нь хэрэглэгч өөрийн зурхайн ордоор гар утсаа чимэглүүлэх боломжтой болжээ. Хонь, Үхэр, Ихэр гээд 12 ордны загвараас сонгохоос гадна утасныхаа хүрээ, арын хавтан, өнгө, чимэглэлийн материалыг өөрийн хүссэнээр тохируулж болно.
Материалын сонголт ч энгийн биш. Шар болон ягаан алт, титан, матрын арьс, очир алмааз, индранил, бадмаараг төдийгүй жинхэнэ солирын хэлтэрхий хүртэл багтжээ. “Caviar”-ийн мэдээлснээр нэг ордны загварт л гэхэд нэг сая гаруй төрлийн чимэглэлийн хослол үүсгэх боломжтой аж.
Тэгвэл сансрын өнгө аястай энэ тансаглал ямар үнэтэй вэ? Хар титан хүрээ, карбон арын хавтантай Матрын ордны загвар 14,800 орчим ам.доллароор үнэлэгдэж байгаа бол мөнгөн хүрээ, хар хөх матрын арьсан чимэглэлтэй Хумхын ордны загвар 18,615 ам.доллар хүрчээ. Гэхдээ эдгээр нь жишиг үнэ бөгөөд солирын хэлтэрхий болон бусад нэмэлт чимэглэлийг сонговол эцсийн үнэ өөрчлөгдөнө.
Харьцуулбал, “Apple”-ийн анхны эвхэгддэг “iPhone Duo” 1,999 ам.доллароос эхэлдэг. Өөрөөр хэлбэл, “Caviar”-ийн 14,800 ам.долларын загвар нь энгийн хувилбараасаа 7 дахин өндөр үнэтэй гэсэн үг.
Ингээд бодоход утсаа сансрын хэлтэрхийгээр чимэглүүлэхийн тулд зөвхөн өөрийн ордоо мэдэхээс гадна түрийвчнийхээ хэмжээг ч сайн тооцоолох хэрэгтэй болох нь ээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





