Дизель түлшний үнэ жилийн хугацаанд 89 хувиар өсч, литр нь 5,700 төгрөгт хүрчээ
АИ-92 автобензин нэг литр нь Улаанбаатарт дунджаар 38.7 хувиар өсч, 3,592 төгрөг болов. Сүүлийн нэг сарын хугацаанд дизель түлшний үнэ 14.2 хувь, АИ-92 автобензиний үнэ 4.

Улаанбаатар хотод нэг литр дизель түлшний дундаж үнэ арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар 5,700 төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 89.1 хувиар өссөн байна. Үндэсний статистикийн хорооны долоо хоногийн үнийн мэдээллээр АИ-92 автобензиний үнэ мөн хугацаанд 38.7 хувиар нэмэгдэж, литр нь 3,592 төгрөг болжээ.
Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 3-нд дизель түлш нэг литр нь дунджаар 3,014 төгрөг байсан бол жилийн хугацаанд 2,686 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин АИ-92 автобензиний үнэ 2,590 төгрөгөөс 3,592 төгрөг болж, литр тутамд 1,002 төгрөгөөр өсчээ.
Шатахууны үнэ сүүлийн нэг сарын хугацаанд ч өсөлттэй байна. Дизель түлшний үнэ 14.2 хувь, АИ-92 автобензиний үнэ 4.2 хувиар нэмэгдсэн бол аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 2-ны хооронд хоёр төрлийн шатахууны дундаж үнэ өөрчлөгдөөгүй байна.
Дизель түлшний үнийн өсөлт нь ачаа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй болон логистикийн салбарын үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Улмаар тээврийн зардлаар дамжин хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх боломжтой юм.
Харин АИ-92 автобензиний үнийн өсөлт нь хувийн автомашин хэрэглэгчид болон бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашигладаг үйлчилгээний байгууллагуудын шатахууны зардлыг нэмэгдүүлж байна. Салбарын сайд өнөөдөр энгийн АИ-92 бензиний үнийг 100 төгрөгөөр ч болов буулгахаар зорьж буйгаа мэдэгдсэн юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





