Авто зогсоолын төлбөр, зөвшөөрөлд шалгалт хийж эхэллээ
Одоогоор 84 байршилд 54 аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулан авто зогсоол ажиллуулж байна. Цагийн төлбөр 1,500 төгрөгийн үнэтэй. Нийслэл энэ онд 4,500 орчим авто зогсоолын төлбөрөөс 2.

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зогсоолуудын ашиглалт, төлбөр хураалт, зөвшөөрөл болон стандартын хэрэгжилтэд арваннэгдүгээр сарын 5-наас 11-нийг хүртэл хяналт шалгалт хийхээр болжээ. Энэ хүрээнд авто зогсоолын менежментийг сайжруулах, байршил, бүсчлэлээс хамаарсан ялгаатай тариф нэвтрүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн зам, талбай дахь төлбөртэй болон нийтийн хэрэгцээний ил, төвлөрсөн авто зогсоолуудыг шалгаж, газрын зориулалт, зөвшөөрөл, төлбөр хураалт, орц, гарц болон тэмдэг, тэмдэглэгээний стандартын хэрэгжилтийг үнэлэх юм.
Тус ажлын хэсэгт Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Тээврийн цагдаагийн алба болон “Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК-ийн төлөөлөл багтжээ.
Нийслэлийн гэрээт авто зогсоолын нэг цагийн төлбөр 1,500 төгрөг байна
Одоогоор 54 аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулж, 84 байршилд авто зогсоол ажиллуулж байна. Эдгээр зогсоолд НИТХ-ын 2011 оны тогтоолоор нэг цагийн 1,500 төгрөгийн тариф мөрдөгдөж байгаа бөгөөд өдөрт 12 цагийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг аж.
Харин хувийн хэвшлүүд өөрсдийн эзэмшлийн авто зогсоолын үнэ тарифыг бие даан тогтоодог байна.
Ажлын хэсэг шалгалтын үр дүнд үндэслэн авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн байршил, бүсчлэлээс хамааран төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн зогсоолын төлбөр хураах журмыг боловсронгуй болгох санал боловсруулах юм.
Авто зогсоолын орлогыг 2.4 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөжээ
Нийслэлийн Замын санд авто зогсоолын төлбөрөөс төвлөрүүлсэн орлого сүүлийн жилүүдэд өссөн байна. Тухайлбал, 2024 онд 950 сая төгрөг, 2025 онд 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Харин 2026 онд 4,500 орчим авто зогсоолын төлбөрөөс 2.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх оны бодит орлогоос 800 сая төгрөг буюу 50 хувиар өндөр зорилт юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





