Хятадын Коммунист намаас хөөгдсөн Ма Шинрүйг авлигын хэрэгт яллагдагчаар татжээ
Түүнийг сансрын технологийн төрийн өмчит компанийн удирдлага болон төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгосон гэж прокурор үзэж байна.

БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг их хэмжээний хахууль авсан хэрэгт албан ёсоор буруутган шүүхэд шилжүүлжээ. Хятадын Ардын дээд прокурорын газрын мэдээллийг эш татан Синьхуа агентлаг арваннэгдүгээр сарын 5-нд мэдээлснээр, Хубэй мужийн Ичан хотын Прокурорын газар түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлтийг тус хотын Дунд шатны ардын шүүхэд хүргүүлсэн байна.
Прокурорын байгууллага Ма Шинрүйг төрийн болон намын удирдах албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, нөлөөгөө ашиглан бусдад ашигтай шийдвэр гаргуулж, хариуд нь их хэмжээний эд хөрөнгө, мөнгө хууль бусаар авсан гэж буруутгажээ.
Тэрбээр өмнө нь БНХАУ-ын сансрын хөтөлбөрийн томоохон гүйцэтгэгч болох төрийн өмчит “China Aerospace Science and Technology Corporation”-ийн дэд захирал, ерөнхий захирлаар ажиллаж байв. Үүнээс гадна Шэньжэнь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, Гуандун мужийн захирагч, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн зэрэг өндөр албан тушаал хашиж байсан юм.
Хятадын Үндэсний хяналтын хороо Ма Шинрүйтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Улмаар Ардын дээд прокурорын газар түүнийг хахууль авсан хэрэгт сэжиглэн баривчлах шийдвэр гаргаж, Ичан хотын Прокурорын газарт яллах ажиллагааг хариуцуулжээ.
Ма Шинрүйг намаас хөөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулжээ
Ма Шинрүйг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд ил болсон юм. Үүний дараа Хятадын Коммунист намын удирдлага зургаадугаар сарын 30-нд түүний асуудлыг хэлэлцэж, долоодугаар сарын 14-нд намаас хөөж, төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг зарлажээ.
Харин өнгөрсөн долоо хоногт болсон Хятадын Коммунист намын Төв хорооны V бүгд хурлаар Ма Шинрүйг намаас хөөсөн шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан байна.
Тус хурлаар нийт 33 албан тушаалтныг намаас хөөсөн шийдвэр гаргаж, тэдний дунд цэргийн өндөр албан тушаалтан асан Жан Юся, дипломат албаны удирдах албан тушаалтан асан Лю Жяньчао болон Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд асан Жин Жуанлун нар багтжээ.
Сансрын салбарын удирдлагаас Улс төрийн товчоонд хүрсэн албан тушаалтан
Ма Шинрүй сансрын инженерээр мэргэшиж, төрийн өмчит сансрын технологийн компанид удирдах албан тушаал хашсаны дараа орон нутгийн удирдлага, улмаар Хятадын Коммунист намын дээд түвшний улс төрийн байгууллагад ажилласан юм.
Тэрбээр 2022 онд Улс төрийн товчооны гишүүн болж, 2025 он хүртэл Шинжаан-Уйгурын өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Түүний хэрэг БНХАУ-ын дарга Ши Жиньпиний удирдлага дор үргэлжилж буй авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож буй ээлжит тохиолдол болж байна.
Прокурорын байгууллага Ма Шинрүйг их хэмжээний хахууль авсан гэж буруутгасан ч мөнгөн дүн, холбогдох гэрээ хэлцэл болон гэмт хэрэг үйлдсэн гэх тодорхой хугацааг одоогоор нийтэд мэдээлээгүй байна. Түүний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





