Луугийн ээж Дейенерис Таргариены лууны өндгийг £40,000 хүртэлх үнээр худалдаална
“Game of Thrones” цувралын “Луугийн ээж” хэмээн алдаршсан Дейенерис Таргариены лууны өндөг Лондон хотноо болох кино урлагийн дурсгалт эд зүйлсийн дуудлага худалдаанд гарахаар болжээ.

“Game of Thrones” цувралын “Луугийн ээж” хэмээн алдаршсан Дейенерис Таргариены лууны өндөг Лондон хотод болох кино урлагийн дурсгалт эд зүйлсийн дуудлага худалдаанд гарахаар болжээ. Жүжигчин Эмилия Кларкийн бүтээсэн дүртэй холбоотой Дрогоны лууны өндөгний загварыг 20,000–40,000 фунт стерлингээр үнэлсэн байна. Их Британийн “Propstore” компани арванхоёрдугаар сарын 4–6-нд зохион байгуулах “Winter Entertainment Memorabilia Live Auction” арга хэмжээгээр нийт 10 сая фунт стерлингийн үнэлгээтэй 1,400 гаруй эд зүйлийг худалдахаар төлөвлөжээ. Дуудлага худалдаанд “Game of Thrones” цувралын өөр нэг алдартай эд зүйл болох Жон Сноугийн Longclaw сэлэм мөн багтсан байна. Жүжигчин Кит Харингтоны 2011–2019 оны хооронд ашиглаж байсан уг сэлмийг 50,000–100,000 фунт стерлингээр үнэлжээ. Харин дуудлага худалдааны хамгийн өндөр үнэлгээтэй эд зүйлсийн нэг нь Кристофер Ноланы найруулсан “The Dark Knight” (2008), “The Dark Knight Rises” (2012) кинонд ашигласан Batpod мотоцикл юм. Тус мотоциклыг 450,000–900,000 фунт стерлингээр, Кристиан Бейлийн “Batman Begins” (2005) кинонд өмссөн Бэтмэний хувцсыг 125,000–250,000 фунт стерлингээр үнэлсэн байна.
Түүнчлэн “Indiana Jones” киноны алдарт бүрх малгай болон жүжигчин Харрисон Фордын орлон тоглогч Вик Армстронгийн өмсгөлийг нийлээд 800,000 фунт стерлинг хүртэлх үнээр худалдах төлөвтэй байна. Харин Индиана Жонсын ашигладаг 2.4 метр орчим урт ташуурыг 200,000–400,000 фунт стерлингээр үнэлжээ.
“Propstore”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стивен Лейн киноны алдартай эд зүйлсийг нэг дор цуглуулсан нь цуглуулагчдын хувьд онцгой боломж болохыг тэмдэглэсэн байна. Дуудлага худалдааны эхний өдөр Лондон хотын BAFTA-гийн 195 Piccadilly байранд танхимаар үнэ хаялцах бөгөөд гурван өдрийн турш олон улсаас цахимаар болон утсаар оролцох боломжтой. Мөн арваннэгдүгээр сарын 19–22-нд The Cumberland зочид буудалд олон нийтэд зориулсан үзэсгэлэн зохион байгуулж, эд зүйлсийг худалдаанд гарахаас өмнө үзүүлэх аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





