Өмнөд Солонгос ижил хүйстэн байхыг өсвөр насныхны буруу зан үйл хэмээн тооцсон гарын авлагаа засварлана
Өмнөд Солонгосын Засгийн газар ижил хүйстэн байхыг өсвөр үеийнхний буруу зан үйлд хамааруулсан зөвлөгөө өгөх гарын авлагаа нэн даруй засварлахаар болжээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар ижил хүйстэн байхыг өсвөр үеийнхний буруу зан үйлд тооцсон зөвлөгөө өгөх гарын авлагаа нэн даруй засварлахаар боллоо. Тус улсын Залуучуудын зөвлөгөө, халамжийн хүрээлэнгээс гаргасан гарын авлагад ижил хүйстэн байхыг хулгай, бэлгийн хүчирхийлэл, мансууруулах бодистой холбоотой асуудлуудтай нэг ангилалд багтаасан нь олон нийтийн шүүмжлэл дагуулжээ.
Уг гарын авлагыг гэр бүлийн болон нийгмийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хүүхэд, залууст сэтгэлзүйн зөвлөгөө өгч, шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулдаг мэргэжилтнүүд ашигладаг. Тухайлбал, зөвлөхүүд хүүхэд, залуустай биечлэн уулзаж, тэднийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээнд холбохдоо тус гарын авлагыг мөрддөг байна.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ долоо хоногийн эхээр уг ангиллын талаар мэдээлсний дараа шүүмжлэл өрнөжээ. Үүний дараа тус улсын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам арваннэгдүгээр сарын 4-ний лхагва гарагт албан ёсны мэдэгдэл гаргаж, гарын авлагыг засварлахаа мэдэгдсэн байна.
Яам мэдэгдэлдээ ижил хүйстэн байхыг буруу зан үйлийн төрөлд оруулсан нь бэлгийн цөөнх хүүхэд, залуус болон холбогдох хүмүүст таагүй мэдрэмж, санаа зовнил төрүүлсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Мөн алдаатай хэсгийг нэн даруй засахаас гадна гарын авлагын бусад агуулгыг мэргэжилтнүүдтэй хамтран дахин хянахаар болсон байна. Ингэхдээ хүүхэд, залууст зөвлөгөө өгдөг ажилтнуудын хүний эрхийн сургалтыг сайжруулж, ялгаварлан гадуурхахаас сэргийлэхэд анхаарахаа мэдэгджээ.
Хүүхэд, залуусыг бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхахыг хоригложээ Тус яам өмнө нь буюу наймдугаар сард хүүхэд, залуусын түр хамгаалах байрны ажилтнуудад зориулсан хүний эрхийг хамгаалах гарын авлагаа шинэчилсэн байна.
Шинэчилсэн журмаар хүүхэд, залуусыг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаас нь шалтгаалан хамгаалах байранд хүлээн авахаас татгалзах, бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хоригложээ.
Түүнчлэн хамгаалах байранд хүлээн авахгүй байх эсвэл тухайн хүүхэд, залууг байрнаас гаргах шаардлага гарвал шийдвэрийн шалтгааныг заавал бичгээр тэмдэглэхээр болсон байна. Ингэснээр ажилтнууд хувийн үзэл бодол, хандлагадаа үндэслэн шийдвэр гаргасан эсэхийг хянах боломжтой болох юм.
Мөн хамгаалах байранд амьдарч буй хүүхэд, залуу шинэ орчиндоо дасан зохицоход хүндрэлтэй байвал шууд гаргахын оронд эхлээд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, маргааныг зохицуулах, амьдрах нөхцөлийг нь сайжруулах арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Өмнөд Солонгосын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам цаашид мэргэжилтнүүд болон хүүхэд, залуустай шууд ажилладаг байгууллагуудын саналыг авч, холбогдох заавар, сургалтаа үргэлжлүүлэн шинэчлэхээ мэдэгдсэн байна. Ингэснээр бүх хүүхэд, залууг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаас үл хамааран сэтгэлзүйн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээнд тэгш хамруулахыг зорьж байгаа аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





