Их Британи, Япон зэрэг улс юуны учир иргэдээ гамшгийн нөөц бүрдүүлэхийг уриалж байна вэ?
Их Британи иргэдээ хүнс, ус болон зайлшгүй хэрэгцээт зүйлсийн 72 цагийн нөөцтэй байхыг уриалж, гурван жилийн үндэсний кампанит ажил эхлүүлээд буй.

Их Британи, Япон болон Европын холбоо иргэдийнхээ гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх шинэ арга хэмжээнүүдийг аравдугаар сарын сүүл болон энэ сарын эхээр танилцуулаад байна. Гэхдээ эдгээр шийдвэр нь байгалийн гамшиг удахгүй болох тухай анхааруулга бус, харин онцгой нөхцөлд төрийн тусламж ирэхээс өмнө өрхүүд өөрсдийн үндсэн суурь хэрэгцээг хангах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй.
Их Британичуудын 40 орчим хувь нь өөрийгөө хамгаалах бэлтгэлтэй байдаг Их Британийн Засгийн газар өнгөрсөн сарын 22-нд “Be Ready” кампанит ажил эхлүүлж, иргэдийг 72 цагийн хүнс, ус, эм, гар чийдэн, зөөврийн цэнэглэгч бэлтгэхийг уриалсан байна. Гурван жилийн кампанит ажилд дотоодод үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй байгууллага нэгдсэн бөгөөд өнгөрсөн өвлийн шуурга болон энэ зуны улиралд гарсан түймэр, хэт халалтаас үүдэлтэй дэд бүтцийн доголдлыг уг шийдвэрийн нэг үндэслэл болгожээ. Их Британийн Улаан загалмайн нийгэмлэгийн тооцоолсноор тус улсын иргэдийн 40 орчим хувь нь гамшгийн үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах арга хэмжээ авч чаддаг байна. Мөн тус байгууллага 2025 онд өдөрт дунджаар дөрвөн онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авсан байна. Улаан загалмайн нийгэмлэгийн үндэсний тэсвэрлэх чадварын асуудал хариуцсан захирал Лора Скоттын тайлбарласнаар байгалийн гамшиг яг хэзээ болохыг шууд хэлэх боломжгүй ч иргэд нөөцөө урьдчилан бэлтгэх зэрэг энгийн алхам хүний амь насыг хамгаалахад нэн чухал аж.
Япон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 298,000 хүн амь насаа алдах эрсдэлтэй Харин Японы Засгийн газар арваннэгдүгээр сарын 2-нд нийт 352 ажилтантай гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ. Тус улсын эрх баригчид иргэдэд дор хаяж гурав хоног, боломжтой бол долоо хоногийн хүнс, ус бэлтгэхийг зөвлөсөн байна. Японы Засгийн газрын тооцоогоор Нанкай хонхорын бүсэд ойрын хугацаанд хүчтэй газар хөдлөлт болж, хамгийн муу хувилбартаа 298,000 орчим хүн амь насаа алдаж, 6.5 сая хүн нүүлгэн шилжих шаардлагатай болж болзошгүй байгаа юм. Гамшгийн удирдлагын шинэ агентлагийн тэргүүн Гоши Хосоно томоохон гамшгийн үед төв болон орон нутгийн засаг захиргааны хариу арга хэмжээ авах боломж хязгаарлагддаг тул иргэд урьдчилан бэлтгэх шаардлагатайг онцлоод буй.
Европын холбоо гамшгийн бэлэн байдалд кибер халдлага, геополитикийн эрсдэлийг хамруулжээ Үүний зэрэгцээ Европын Комисс арваннэгдүгээр сарын 3-нд иргэдийг онцгой нөхцөлд 72 цагийн хэрэгцээгээ хангах чадвартай болгох шинэ удирдамж танилцуулсан байна. Уг арга хэмжээ нь 2025 онд баталсан 30 чиглэлийн бэлэн байдлын стратегийн үргэлжлэл болж байгаа бөгөөд байгалийн гамшгаас гадна кибер халдлага, цэргийн мөргөлдөөн, эрчим хүч болон нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг шинэ удирдамжид тусгажээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





