“Samsung” компани Galaxy Buds чихэвчээр сонсголоо шалгах боломж нэвтрүүлэхээр болжээ
Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани Galaxy Buds4 Pro болон Buds3 Pro чихэвчид сонсгол шалгах, сонсголд дэмжлэг үзүүлэх функц нэвтрүүлэх зөвшөөрлийг тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын…

Өмнөд Солонгосын технологийн “Samsung Electronics” компани Galaxy Buds4 Pro болон Buds3 Pro утасгүй чихэвчдээ сонсгол шалгах, сонсголд дэмжлэг үзүүлэх шинэ функцүүдийг нэвтрүүлэх зохицуулалтын зөвшөөрөл авсан тухай мэдээлэл гарчээ.
Шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид чихэвчээрээ сонсголын чадвараа үнэлж, сонсголын хэрэгцээндээ нийцүүлэн орчны дуу авианы өсгөлтийг тохируулах боломжтой болох юм. Түүнчлэн “Samsung Health” аппликейшнээр сонсголын шинжилгээний өмнөх үр дүн болон дуу чимээний өртөлтийн мэдээллээ хянах боломжтой аж.
Эдгээр функцийг 2027 оны эхээр программ хангамжийн шинэчлэлээр дамжуулан нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Ингэснээр өдөр тутмын хэрэглээний утасгүй чихэвчийг зөвхөн хөгжим сонсох, дуудлага хийхээс гадна сонсголын эрүүл мэндээ хянахад ашиглах боломж өргөжих юм.
Сонсголын өөрчлөлтийг долоон түвшинд ангилна Сонсгол шалгах функц нь хоёр чихний сонсголыг тус тусад нь хэмжиж, хэрэглэгч ямар давтамжийн дуу авиаг хэр сайн сонсож байгааг тодорхойлно. Шинжилгээний үр дүнг хэвийн сонсголоос хүнд хэлбэрийн сонсголын алдагдал хүртэл долоон түвшинд ангилж, шаардлагатай дараагийн арга хэмжээний талаар зөвлөмж өгөх аж.
Харин сонсголд дэмжлэг үзүүлэх функц нь 18-аас дээш насны, хөнгөн болон дунд зэргийн сонсголын алдагдалтай байж болзошгүй хэрэглэгчдэд зориулагджээ. Тус функц Австралийн Үндэсний акустикийн лабораторийн боловсруулсан NAL-NL2 аргачлалыг ашиглан сонсоход хүндрэлтэй давтамжийн дууг тохируулан өсгөнө.
“Samsung Electronics” компани эдгээр функцийн зөвшөөрлийг 2026 оны долоодугаар сард АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас мөн авсан бөгөөд АНУ болон зөвшөөрөл олгосон зарим зах зээлд дөрөвдүгээр улиралд нэвтрүүлэхээр мэдээлсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





