Техас зэрэг хиймэл оюуны дэд бүтэц төвлөрсөн мужид Ардчилсан нам ялалт байгууллаа
АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулж, тэр дундаа Техас мужийн захирагчийн сонгуульд ялсан гэх мэдээлэл хиймэл оюуны салбарын хувьцаанд сөргөөр нөлөөлжээ.

АНУ-ын завсрын сонгуулиар дата төвийн тэлэлтийг хязгаарлах байр суурьтай Ардчилсан намын нэр дэвшигчид томоохон ялалт байгуулсны дараа технологийн болон хиймэл оюуны салбарын хувьцааны ханш буурлаа. Ялангуяа технологийн гол зангилаа бүс нутаг болох Техас мужийн амбан захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жина Хинохоса ялалт байгуулсан нь зах зээлийн савлагаанд голлон нөлөөлжээ. Сонгуулийн дүн тодорхой болохтой холбогдуулан Nasdaq-100"индексийн фьючерс 0.8 хувиар буурсан нь аж үйлдвэрийн Dow Jones индексийн фьючерсийн бууралтаас хоёр дахин өндөр үзүүлэлт болов. Мөн "Robinhood" арилжааны платформ дээр "XLK” сангаас гадна хиймэл оюуны дата төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ханш унасан байна. Тухайлбал, "CoreWeave" компанийн ханш 7 хувиар буурч, "Nebius Group" болон “Oracle”-ийнх адил 4 хувиар унасан бол Техас мужид төвтэй "SpaceX"-ийнх 6 хувиар урууджээ.
Техас мужид Ардчилсан намын Жина Хинохоса ялалт байгуулав "Associated Press" агентлагийн мэдээлснээр Ардчилсан намын гишүүн Жина Хинохоса одоогийн амбан захирагч, Бүгд найрамдах намын гишүүн Грэг Эбботтыг ялсан байна. Жина Хинохоса нь хиймэл оюуны дата төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг идэвхтэй дэмжиж ирсэн улстөрч юм. "Wells Fargo" банкны судалгаанаас үзэхэд АНУ-д байгуулахаар төлөвлөж буй нийт дата төвийн хүчин чадлын 27 хувь нь Техас мужид ногдож буй. Хөрөнгө оруулалтын "Horizon Investments" компанийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Скотт Ладнер энэ талаар "Эбботт ялагдвал дата төвүүдийг хаана барих вэ гэдэг асуудал үүснэ” гэдгийг онцолж, “Техас бол эдгээр төслийг хэрэгжүүлэх таатай бүс нутаг байсан бол одоо энэ боломж хязгаарлагдаж байна" хэмээжээ.
Салбарын дарамт болон цаашдын төлөв Дата төвийн бүтээн байгуулалт идэвхтэй явагддаг бусад гол мужууд болох Жоржиа, Охайо, болон Пенсильвани мужуудад мөн Ардчилсан намын нэр дэвшигчид амбан захирагчийн сонгуульд ялсан эсвэл сууриа хадгалж үлдлээ. “Wells Fargo”-гийн тооцоогоор АНУ-д төлөвлөсөн дата төвийн цахилгаан чадлын 7 хувь Жоржиа мужид ногдож буй бол, 5 хувь нь Охайо мужаас, мөн 5 хувь нь Пенсильвани мужаас бүрдэж байна. Хиймэл оюуны чиглэлээр тэргүүлэгч "OpenAI", "Anthropic" зэрэг компани болон салбарын бусад томоохон компанийн дата төвийн хөрөнгө оруулалт саарах вий гэсэн болгоомжлолоос үүдэн Nasdaq-100 индекс аравдугаар сарын төгсгөлд хэдийнэ уналтын бүсэд шилжээд байсан юм.
Шинжээчид салбарын эрсдлийг анхааруулж байна "Wells Fargo" банкны хувьцааны ахлах стратегич Охсунг Квон "Техас мужид Ардчилсан нам ялсан нь хиймэл оюуны салбарын арилжаанд өндөр эрсдэл учруулж магадгүй" хэмээн үзэж байна. Мөн "Bank of America"-ийн хөрөнгө оруулалтын стратегич Майкл Хартнетт сонгуулийн үр дүнгийн нөлөөгөөр технологийн компаниудын хувьцааны ханш оны эцэст 10 гаруй хувиар буурах эрсдэлтэйг сануулж байсан юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





