Австралийн виз мэдүүлэх иргэдээс биометрийн мэдээлэл авч эхэлжээ
Аравдугаар сарын 26-наас хойш Австралийн виз мэдүүлсэн Монгол Улсын иргэдээс шаардлагатай тохиолдолд хурууны хээ, цээж зураг авч бүртгэж байна.

Австрали Улс өнгөрсөн сарын 26-наас эхлэн виз мэдүүлэх Монгол Улсын иргэдэд биометрийн мэдээлэл бүртгүүлэх шинэ шаардлага хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд виз мэдүүлэгчдээс хурууны хээ болон цээж зураг авах бөгөөд шаардлагатай иргэдэд Австралийн Дотоод хэргийн яам албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх юм.
Биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай болсон иргэд Австралийн визийн биометрийн бүртгэлийн төвд биечлэн очих эсвэл холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд Australian Immi аппликейшн ашиглах боломжтой аж.
Тухайлбал, Австралийн цагаачлалын системд өмнө нь бүртгэгдсэн биометрийн мэдээлэлтэй, хүчинтэй паспорт эзэмшдэг зарим виз мэдүүлэгч уг аппликейшныг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Гэхдээ ашиглах эрх нь виз мэдүүлэгч бүрд шууд үүсэхгүй бөгөөд Австралийн Дотоод хэргийн яамнаас ирүүлэх заавраар тодорхойлогдоно.
Иймээс виз мэдүүлэгчид өргөдлөө илгээсний дараа ирэх албан ёсны мэдэгдлийг шалгаж, биометрийн бүртгэлд хамрагдах шаардлага, хугацаа болон бүртгүүлэх хэлбэрээ тодруулахыг зөвлөжээ.
Австралийн талын мэдээлснээр энэхүү зохицуулалт нь виз мэдүүлэх үйл явцын аюулгүй байдлыг сайжруулах, өргөдөл гаргагчийн биеийн байцаалтыг баталгаажуулахад чиглэж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





