ОХУ-д визгүй зорчих монгол иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө цахим мэдүүлэг гаргахыг зөвлөжээ
Монгол Улсын иргэд ОХУ-д нэг удаа 30 хүртэл хоног, 180 хоногийн хугацаанд нийт 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй.

ОХУ-д визгүй зорчих Монгол Улсын иргэд хил нэвтрэхээс өмнө цахим мэдүүлэг гаргах, оршин суух хугацаагаа зөв тооцох болон шилжилт хөдөлгөөний бүртгэлийн шаардлагыг анхаарах хэрэгтэйг албаныхан онцоллоо.
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд 2014 оны есдүгээр сарын 3-нд байгуулж, мөн оны арваннэгдүгээр сарын 14-нөөс хэрэгжүүлсэн хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон.
Уг хэлэлцээрээр нэг удаагийн тасралтгүй зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, анх хил нэвтэрсэн өдрөөс хойших 180 хоногт нийт 90 хоногоос илүүгүй хугацаагаар оршин суух зохицуулалт үйлчилдэг. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны мэдээлэлд энэ нөхцөл хэвээр байгааг дурджээ.
Тиймээс монгол иргэд ОХУ-д хэд хэдэн удаа зорчсон тохиолдолд аялал бүрийн хугацаанаас гадна 180 хоногийн дотор тус улсад өнгөрүүлсэн нийт хоногоо тооцох шаардлагатай.
“ruID” цахим мэдүүлгийн туршилтыг 2027 оныг дуустал сунгажээ
ОХУ-ын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор гадаадын иргэдийн хил нэвтрэх, гарах нөхцөлийг цахим хэлбэрээр шалгах туршилтыг эхлүүлсэн.
Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны 468 дугаар тогтоолоор туршилтыг ирэх оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгажээ.
Энэхүү зохицуулалтын хүрээнд ОХУ-д визгүй зорчих гадаадын иргэд “ruID” гар утасны аппликейшн ашиглан хил нэвтрэхээр төлөвлөж буйгаа урьдчилан мэдүүлэх боломжтой.
Цахим мэдүүлгийг хил нэвтрэхээс 72-оос доошгүй цагийн өмнө гаргах бөгөөд яаралтай, баримтаар нотлогдох онцгой нөхцөлд дөрвөн цагийн өмнө мэдүүлэх зохицуулалт үйлчилж байна. Мэдүүлэг нь 90 хоногийн хугацаанд хүчинтэй.
ОХУ-ын дипломат байгууллагын тайлбараар цахим мэдүүлэг бөглөөгүй нь дангаараа хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй. Гэхдээ зорчигчид хил дээр саатах, хүндрэл үүсэхээс сэргийлж урьдчилан бүртгүүлэхийг зөвлөж байна.
Туршилтын зохицуулалтаас дипломат болон албан паспорт эзэмшигчид, зургаан нас хүрээгүй хүүхэд зэрэг зарим ангиллын иргэдийг чөлөөлдөг.
ОХУ-д очсоноос хойш ажлын долоон өдрийн дотор бүртгүүлнэ
ОХУ-ын шилжилт хөдөлгөөний журмын дагуу гадаадын иргэд түр оршин суугаа газартаа ирснээс хойш ажлын долоон өдрийн дотор бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгэлийг зочид буудал, урьсан иргэн эсвэл хүлээн авагч байгууллагаар дамжуулан хийлгэх боломжтой аж.
Зочид буудалд байрлаж буй иргэдийн бүртгэлийг тухайн байгууллагын ажилтан хариуцан хийдэг бол хувийн орон сууц, бусад байрлах газарт буусан иргэд хүлээн авагч талтайгаа холбогдож, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хугацаанд нь хийлгэх шаардлагатайг анхааруулжээ. Бүртгэл хийлгэсэн тухай баримтыг аяллын хугацаанд хадгалахыг мөн анхааруулсан байна.
Шилжилт хөдөлгөөний картаа үрэгдүүлбэл гурав хоногийн дотор мэдэгдэх ёстой
ОХУ-ын хилээр нэвтрэх үед гадаадын иргэдэд шилжилт хөдөлгөөний карт олгодог. Уг картыг үнэн зөв бөглөж, ОХУ-аас буцаж гарах хүртлээ хадгалах ёстой. ОХУ-ын Гадаад хэргийн яамны консулын мэдээллээр шилжилт хөдөлгөөний картыг гэмтээсэн эсвэл үрэгдүүлсэн бол холбогдох нутаг дэвсгэрийн шилжилт хөдөлгөөний байгууллагад гурав хоногийн дотор мэдэгдэж, хуулбар авахыг сануулжээ.
Мөн суралцах зорилгоор зорчиж буй иргэд шилжилт хөдөлгөөний картын зорилгын хэсэгт “Учёба” буюу “Суралцах” гэсэн тэмдэглэгээг зөв хийлгэх хэрэгтэй аж. Зорчих зорилгоо буруу тэмдэглүүлэх нь цаашид суралцах болон оршин суух баримт бичиг бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж болзошгүй.
30 хоногоос дээш хугацаагаар оршин суух бол виз авна
Хоёр улсын визгүй зорчих хэлэлцээрийн дагуу ОХУ-д 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх болон арилжааны үйл ажиллагаа явуулах зорилготой иргэд виз авах шаардлагатай.
Суралцах болон удаан хугацаагаар оршин суух иргэд мөн тухайн зорилгод нийцсэн виз, зөвшөөрлийн нөхцөлийг урьдчилан шалгах хэрэгтэй. Визгүй зорчих эрх нь ОХУ-д хөдөлмөр эрхлэх, удаан хугацаагаар суурьших эрхийг автоматаар олгодоггүй байна. Иргэд визийн асуудлаар Монгол дахь ОХУ-ын дипломат болон консулын байгууллагад хандаж болно.
Мөн ОХУ-ын хилээр 10 мянган ам.доллароос давсан бэлэн мөнгөтэй нэвтэрвэл гаалийн мэдүүлэг авах шаардлагатай. Мах, сүү, ургамал болон бусад хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хорио цээр, гарал үүслийн баримт бичгийн тусгай шаардлага үйлчилж болох тул хил нэвтрэхээс өмнө холбогдох дүрмийг шалгахыг зөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





