АНУ-ын Конгресст Ардчилсан нам олонх болсноор Д.Трампын Ираны дайны бодлогод тавих хяналт нэмэгдэнэ
АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болох нь тодорхой болж, Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд тавих парламентын хяналтыг өргөжүүлэх…

АНУ-ын арваннэгдүгээр сарын 3-ны завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорхой болсноор Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилд дотоод бодлогын эсэргүүцэлтэй тулгарч, гадаад бодлогод илүү анхаарах боломжтой гэж шинжээчид CNBC-д мэдээлжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр Ардчилсан нам Сенатын долоогоос доошгүй суудлыг Бүгд Найрамдах намаас шилжүүлэн авч, Төлөөлөгчдийн танхимд ч олонх болохоор байна. Ингэснээр тус нам Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд шалгалт явуулах, төсвийн зарцуулалтад хяналт тавих, гадаад бодлогын шийдвэрүүдийг Конгрессоор хэлэлцүүлэх илүү өргөн боломжтой болно.
Ираны дайны санхүүжилтийг хязгаарлах боломж Их Британийн олон улсын харилцааны судалгааны “Chatham House” хүрээлэнгийн АНУ, Хойд Америкийн хөтөлбөрийн захирал Лорел Раппын үзэж буйгаар Конгрессын хяналт нэмэгдэх ч Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах өргөн эрх мэдлээ хадгална.
Тэрбээр хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иранд цохилт өгснөөр эхэлсэн дайн, үүнтэй холбоотой шатахуун, хүнсний үнийн өсөлт болон инфляц сонгуулийн гол асуудлуудын нэг болсныг онцолжээ.
Раппын тайлбарласнаар Ардчилсан намынхан Иранд явуулж буй цэргийн ажиллагааны хүрээнд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тогтоол, хууль тогтоомжийг Конгрессын хоёр танхимаар хэлэлцүүлэхээр зорьж байна.
Түүнчлэн Конгрессын төсөв батлах эрх мэдлийг ашиглан АНУ-ын цэргийн ажиллагаа болон Ирантай холбоотой бусад зардлыг хязгаарлах боломжтой. Гэхдээ Трамп ийм хуульд хориг тавибал уг хоригийг хүчингүй болгоход Конгрессын хоёр танхим тус бүрийн гуравны хоёрын дэмжлэг шаардлагатай. Гадаад бодлогын шийдвэр гаргах эрх Трампад хэвээр үлдэнэ Германы Маршаллын сангийн ахлах судлаач Ж.С. Линтзених Конгрессын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болохгүйг онцолжээ.
Түүний тайлбарласнаар АНУ-ын гадаад бодлогыг Ерөнхийлөгч болон түүний томилсон албан тушаалтнууд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Иранд явуулж буй ажиллагаа, Орос-Украины дайны шийдэгдээгүй асуудлууд Цагаан ордны анхаарлын төвд хэвээр байна.
Харин Ардчилсан нам Конгресст олонх болсноор Украинд үзүүлэх тусламжийн санхүүжилт, батлагдсан хуулийн хэрэгжилт болон засаг захиргааны шийдвэрүүдэд тавих хяналт нэмэгдэхээр байна.
Линтзенихийн үзэж буйгаар өмнөх Конгресс Цагаан ордны үйл ажиллагаанд харьцангуй уян хатан хандаж байсан бол шинэ бүрэлдэхүүн хууль тогтоох, төсөв батлах, хяналт шалгалт явуулах үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ илүү идэвхтэй ашиглах боломжтой.
Ийнхүү Ардчилсан намын ялалт Трампын гадаад бодлогыг шууд өөрчлөхгүй ч Ираны дайны санхүүжилт, Украины тусламж болон Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хэрэгжилт Конгрессын илүү хатуу хяналтад орох нөхцөлийг бүрдүүлж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





