Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч залууд 10 жил хорих ял оноожээ
Хонконгийн ардчиллын хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Жошуа Вонгт гадаадын хүчинтэй хамтран ажилласан хэргээр Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу 10 жилийн хорих ял оноожээ.

Хонконгийн ардчиллын хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг, өдгөө 30 настай Жошуа Вонгт гадаадын хүчинтэй хамтран ажилласан хэргээр 10 жилийн хорих ял оноолоо. Тэрбээр Бээжингийн эрх баригчид 2020 онд Хонконгт хэрэгжүүлж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу ял шийтгүүлсэн улс төрийн идэвхтнүүдийн нэг юм. Вонг өмнө нь төрийн эрх мэдлийг бусниулах зорилготой хуйвалдаанд оролцсон хэргээр 56 сарын хорих ял сонссон бөгөөд 2027 оны нэгдүгээр сард суллагдахаар байжээ. Гэвч шинэ шийдвэрээр түүний хорих хугацаа дахин 10 орчим жилээр сунгах болов. Шүүхээс шинэ ялын хоёр сар, хоёр хоногийг өмнөх ялтай нь давхар эдлүүлэхээр тогтоосон байна. Прокуроруудын мэдээлснээр Вонг нь гадаадад дүрвэн амьдарч буй ардчиллын хөдөлгөөний идэвхтэн Натан Лоу болон бусад хүмүүстэй хамтран Бээжингийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ, эдийн засгийн хязгаарлалт тогтоолгохоор ажилласан хэрэгт буруутгагджээ. Уг үйл ажиллагаа 2020 оны долдугаар сараас арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилсэн гэж шүүхэд танилцуулсан байна. Вонг энэ оны есдүгээр сард өөрт холбогдох хэргээ хүлээн зөвшөөрсөн юм.
Хонконгийн эрх баригчид шийдвэрээ хамгаалж байна Шүүхийн шийдвэр гарсны дараа Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Ли мэдэгдэл гаргаж, Жошуа Вонг болон Натан Лоу нарыг хотын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг алдагдуулахад голлон оролцсон хүмүүсийн тоонд багтаажээ. Тэрбээр тэдний үйл ажиллагаа үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэж мэдэгдсэн байна. Харин олон улсын хүний эрхийн “Human Rights Watch” байгууллага уг шийдвэрийг харгис, шударга бус гэж тодорхойлжээ. Тус байгууллагын Азийн асуудал хариуцсан захирал Элейн Пирсоны үзэж буйгаар Хонконгийн эрх баригчид ардчиллын хөдөлгөөний нөлөө бүхий төлөөлөгчдөд дараалан шинэ хэрэг үүсгэх замаар нийгмийн эсэргүүцлийг хязгаарлаж, олон улсын шүүмжлэлийг бууруулахыг оролдож байна. АНУ-д амьдарч буй ардчиллын идэвхтэн Фрэнсис Хуй мөн уг шийдвэрийг шүүмжилж, зөвхөн Жошуа Вонгийн хувь заяаны асуудал бус, Хонконгийн ирээдүйг өөрчлөх боломжтой гэж итгэж байсан бүхэл бүтэн үеийн оролцоог үгүйсгэх улс төрийн ажиллагааны нэг хэсэг хэмээн ярьжээ.
14 настайдаа эхэлсэн улс төрийн тэмцэл Жошуа Вонг 2011 онд 14 настай байхдаа сурагчдын ардчиллын хөдөлгөөний “Scholarism” байгууллагыг хамтран байгуулснаар олон нийтэд танигдаж эхэлсэн. 2012 онд тус хөдөлгөөн Хонконгийн сургуулиудад эх оронч боловсролыг заавал эзэмшүүлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, 100,000 гаруй хүнийг нэгтгэж чаджээ. Улмаар эрх баригчид уг төлөвлөгөөнөөсөө ухарсан байна. 2014 онд Вонг Хонконгийн сонгуулийн тогтолцоог ардчилахыг шаардсан, олон улсад “Шүхрийн хөдөлгөөн” нэрээр танигдсан иргэний эсэргүүцлийн гол төлөөлөгчдийн нэг болов. Тэрбээр 2016 онд Натан Лоу, Агнес Чоу нартай хамтран ардчиллыг дэмжигч “Demosisto” улс төрийн намыг байгуулсан ч 2020 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа тус нам татан буугджээ. Натан Лоу Их Британи руу явж, улс төрийн үйл ажиллагаагаа гадаадаас үргэлжлүүлсэн бол Вонг Хонконгт үлдсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын хуулийг тойрсон маргаан Бээжингийн эрх баригчид 2019 оны өргөн хүрээтэй ардчиллын жагсаалын дараа 2020 онд Хонконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш олон зуун идэвхтэн болон иргэн уг хуулийн дагуу баривчлагджээ. Хонконгийн засаг захиргаа уг хуулийг нийгмийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай гэж тайлбарладаг. Харин шүүмжлэгчид улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, хотын өөртөө засах эрхийг сулруулсан гэж үздэг. Тус хуулийн хүрээнд гадаадын хүчинтэй хамтран ажилласан хэргээр оноосон хамгийн хүнд ял нь хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгч асан Жимми Лайд оногдуулсан 20 жилийн хорих ял юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





