Олон улсад амжилт олсон Солонгосын олон ангит кинонуудын ард хөдөлмөрийн мөлжлөг нуугдаж байна
Өмнөд Солонгосын телевизийн цуврал киноны зураг авалтын багийнхан долоо хоногт дунджаар 54 цаг 23 минут ажиллаж байгаа нь тус улсын хуулиар тогтоосон 52 цагийн дээд хязгаараас давжээ.

Өмнөд Солонгосын телевизийн олон ангит кинонууд өвөрмөц өгүүлэмж, хүний харилцааг нарийн дүрсэлсэн зохиол, өндөр түвшний бүтээл үйлдвэрлэлээрээ олон улсын үзэгчдийг татаж байгаа ч тус салбарын ажилтнууд урт цагаар ажиллах, хөдөлмөрийн баталгаагүй гэрээ байгуулах, осол гэмтлийн үед хангалттай эмчилгээ авч чадахгүй байх зэрэг асуудалтай тулгарсаар байна. Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалдаг “Hanbit Media Labor Rights Center” байгууллагаас аравдугаар сарын 24-нд танилцуулсан, хоёр сарын хугацаанд 237 ажилтныг хамруулсан судалгаагаар зураг авалтын багийнхан долоо хоногт дунджаар 54 цаг 23 минут ажиллажээ. Энэ тоо нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн хуулиар тогтоосон долоо хоногийн 52 цагийн дээд хязгаараас 2 цаг 23 минутаар илүү үзүүлэлт юм. Мөн бүртгэгдсэн ажлын ээлжийн 24.8 хувь нь 22:00-06:00 цагийн хооронд дууссан бөгөөд тохиолдлын 31 хувьд нь ажилтнууд дараагийн ээлж эхлэхээс өмнө 11 цаг хүрэхгүй хугацаанд амарсан байна.
Зураг авалт, нэвтрүүлгийг зэрэг явуулдаг тогтолцоо ажлын цагийг уртасгаж байна Өмнөд Солонгосын олон ангит кино үйлдвэрлэл нь продакшн компани, туслан гүйцэтгэгч болон төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас бүрдсэн олон шат дамжлагатай бүтэцтэй. Иймээс зураг авалтын ажилтнуудыг байнгын хөдөлмөрийн гэрээгээр бус, тодорхой төсөлд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулах нь түгээмэл аж. Үйлдвэрлэлийн үүрэг хариуцлага олон байгууллагад хуваагддаг тул ажлын цаг, цалин хөлс, амралтын хугацаанд нэгдсэн стандарт мөрдүүлэхэд хүндрэл үүсдэг байна. Түүнчлэн АНУ-ын телевизийн салбарт өргөн хэрэглэдэг, цувралын зураг авалтыг цацалтаас өмнө бүрэн дуусгах тогтолцооноос ялгаатай нь Өмнөд Солонгосын олон ангит киноны салбарт зураг авалт, телевизийн цацалтыг зэрэг явуулах практик түгээмэл хэвээр буй. Сувоны их сургуулийн хэвлэл мэдээлэл, харилцааны профессор Ли Мүн Хэний тайлбарласнаар бүтээлийг үйлдвэрлэх, цацах үйл явц зэрэг өрнөх нь ажлыг дуусгах хугацааг шахаж, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг улам хүндрүүлдэг аж. Кино урлагийн салбарт хэрэгждэг хөдөлмөрийн хамгаалалт телевизийн салбарт хангалтгүй байна Өмнөд Солонгосын кино урлаг болон телевизийн олон ангит кино үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөрийн зохицуулалт хоорондоо ялгаатай. Солонгосын Үндэсний нээлттэй их сургуулийн дэд профессор Ли Сон Мин хэлэхдээ, төрийн дэмжлэгтэй Кино хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалт авдаг кино төслүүд хөдөлмөрийн стандарт гэрээ ашиглах шаардлагатайг онцолжээ. Мөн томоохон хөрөнгө оруулагч, түгээгч байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээний үр дүнд кино урлагийн салбарт стандарт хөдөлмөрийн гэрээ харьцангуй тогтсон байна. Харин телевизийн олон ангит кино үйлдвэрлэлд олон төрлийн санхүүжилт, туслан гүйцэтгэгч оролцдог учраас ийм зохицуулалт хангалттай бүрдээгүй гэж тэрбээр тайлбарлав. Өмнөд Солонгос 2018 оны долоодугаар сарын 1-нээс долоо хоногийн ажлын цагийг 52-оор хязгаарлах тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, 2021 оны долоодугаар сарын 1 гэхэд тав болон түүнээс дээш ажилтантай байгууллагуудад хэрэгжүүлж эхэлсэн. Уг зохицуулалтаар ердийн ажлын цагийг долоо хоногт 40, илүү цагийг 12 хүртэл байхаар тогтоожээ. Сөүлд ажилладаг продюсер, кино зохиолч Томас Сугийн үзэж буйгаар энэхүү өөрчлөлт зураг авалтын ажлын цагийг үйлдвэрлэлийн төлөвлөлтөд заавал тооцох шаардлагатай гэсэн ойлголтыг салбарт төлөвшүүлэхэд тусалсан байна. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн стандарт гэрээний хэрэглээ хангалтгүй байгаа нь ажилтнуудыг үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр, ажил эрхлэлтийн даатгалын хамгаалалтаас гадуур үлдэх эрсдэлд оруулж байгааг Ли Сон Мин анхааруулжээ. Түүний мэдээлснээр телевизийн салбарын ажилтнуудын эдгээр даатгалд хамрагдах түвшин маш бага хэвээр байна. YouTube болон богино хэмжээний цувралууд хөдөлмөрийн шинэ эрсдэл үүсгэж байна Телевизийн уламжлалт сувгуудаас гадна YouTube, веб цуврал болон гар утасны босоо форматтай богино хэмжээний драмын үйлдвэрлэл өргөжсөнөөр хөдөлмөрийн зохицуулалтын асуудал улам төвөгтэй болжээ. Ялангуяа жижиг продакшнууд жүжигчин, зураг авалтын ажилтнуудыг байнгын хөдөлмөрийн гэрээгээр бус, фриланс үйлчилгээний гэрээгээр ажиллуулах нь түгээмэл байна. Зарим төсөлд зөвхөн амаар тохиролцох, богино хугацаанд зураг авалт хийх, цалин хөлсийг нэг удаагийн тогтмол дүнгээр санал болгох практик ажиглагддаг. YouTube-ийн контент нь хууль эрх зүйн хувьд уламжлалт телевизийн нэвтрүүлэгт хамаардаггүй тул телевизийн салбарт үйлчилдэг хөдөлмөрийн нөхцөлийн хяналт болон стандарт гэрээний зарим зохицуулалтад хамрагдахгүй байна. Томас Сугийн үзэж буйгаар бие даасан уран бүтээлч болон бусдын удирдлага дор ажиллаж буй ажилтны эрх зүйн статусыг тодорхой ялгах шаардлагатай. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн гэрээг тодорхой болгох, ажлын цагийг бүртгэх, эрх зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргах бодит механизм бий болгох нь чухал аж. Харин Ли Сон Мин шинэ медиа салбарын хөдөлмөрийн асуудлыг зохицуулахад төрийн байгууллагуудын эрх үүргийн хуваарилалт тодорхой бус байгааг онцолсон байна. Тухайлбал, Солонгосын бүтээлч контентын агентлаг, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны оролцоо хангалтгүй, харин харилцаа холбооны зохицуулах байгууллагын бодлогын хэрэгсэл ажилтнуудын хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэхэд хязгаарлагдмал байгааг дурджээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





