PGL 2027 онд Хятадад зохион байуулах байсан Counter-Strike 2 тэмцээнээ Монголд хийхээр боллоо
Цахим спортын олон улсын тэмцээн зохион байгуулагч “PGL” компани 2027 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д хийхээр төлөвлөсөн Counter-Strike 2-ын Tier 1 ангиллын тэмцээнээ Улаанбаатар хотод зохион…

Цахим спортын олон улсын тэмцээн зохион байгуулагч “PGL” компани 2027 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөсөн “Counter-Strike 2” тоглоомын Tier 1 ангиллын тэмцээний байршлыг Монгол Улс руу шилжүүлж, Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсноо зарлажээ.
“PGL Ulaanbaatar 2027” тэмцээн дөрөвдүгээр сарын 14–26-ны өдрүүдэд болж, дэлхийн шилдэг 16 баг LAN хэлбэрээр өрсөлдөнө. Тэмцээний үндсэн шагналын сан нэг сая ам.доллар бөгөөд нэмэлт 300 мянган ам.долларын урамшууллыг Valve Regional Standings чансаанд үндэслэн олгохоор төлөвлөжээ.
“PGL”-ийн мэдээлснээр тэмцээний байршлыг өөрчлөх шийдвэрийг тоглоом хөгжүүлэгч “Valve” компанитай хамтран хэрэгжүүлж, тэмцээний визийн бүсийг БНХАУ-аас Монгол Улс руу шилжүүлсэн байна. Харин тэмцээний хугацаа болон бусад үндсэн нөхцөл өөрчлөгдөөгүй аж.
Оролцох 16 багийн 14 нь дэлхийн чансаагаар урилга авна Тэмцээнд оролцох 16 багийн 14-ийг 2027 оны нэгдүгээр сарын 4-нд гарах VRS чансаанд үндэслэн шууд урина. Үлдсэн хоёр эрхийг Европ болон Азийн бүсийн сонгон шалгаруулалтаар тодруулах юм.
Нээлттэй сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 27–30-нд цахимаар явагдах бол хаалттай шатны тоглолтууд хоёрдугаар сарын 1–4-нд болно.
Тэмцээний нэг сая ам.долларын үндсэн шагналын санг багийн амжилтын шагнал болон клубт олгох хувь гэсэн хоёр хэсэгт хуваарилжээ. Түрүүлсэн баг 180 мянган ам.долларын шагнал, клубийн 100 мянган ам.долларын хувьтай нийлээд нийт 280 мянган ам.доллар хүртэнэ. Харин хоёрдугаар байр 155 мянга, гуравдугаар байр 115 мянган ам.долларын шагналтай.
Үүнээс гадна VRS чансааны эхний тавд багтаж, тэмцээний урилгыг хүлээн авсан баг тус бүрд 60 мянган ам.долларын нэмэлт урамшуулал олгохоор тусгажээ. Улаанбаатар хот нэг сарын зайтай Tier 1 ангиллын хоёр тэмцээн хүлээн авна “PGL Ulaanbaatar 2027” тэмцээн өндөрлөснөөс 14 хоногийн дараа буюу тавдугаар сарын 10–23-нд “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Энэ нь “BLAST” байгууллагаас Монгол Улсад зохион байгуулах анхны Tier 1 ангиллын тэмцээн бөгөөд Монголын цахим спортын холбоо (MESA)-той хамтран хэрэгжүүлэх юм.
Ийнхүү 2027 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс тавдугаар сарын 23-ны хооронд Улаанбаатар хот дэлхийн хэмжээний CS2-ын хоёр тэмцээнийг хүлээн авахаар төлөвлөгдөж байна. Энэ нь Монгол Улсад олон улсын томоохон цахим спортын тэмцээн зохион байгуулах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





