X платформ контент бүтээгч болон үзэгч хоёуланд нь "ашигтай" функцтай болжээ
“X” платформ хэрэглэгчдэд урт видеоноос хэсэгчлэн тасалж, богино хэмжээний бичлэг болгон нийтлэх боломжтой шинэ хэрэгслийг даваа гарагт танилцууллаа.

Нийгмийн сүлжээний “X” платформ даваа гарагт видео засварлах, богино клип бэлтгэх шинэ хэрэгслээ зарлалаа. Уг хэрэгсэл нь урт хэмжээний видеоноос сонирхолтой хэсгийг нь таслан авч, “X” платформ дотроо шууд нийтлэх энгийн функцтэй аж.
Компанийн зүгээс “Аль ч видеоноос дуртай хэсгээ таслан авч, өөрийн байр сууриа нэмээд “X”-ээс гаралгүйгээр нийтлээрэй” хэмээн мэдэгджээ. Шинэ хэрэгслээр хийсэн богино бичлэг бүрд анхны бичлэг руу холбосон “Clip from” гэх шошго дагалдах бөгөөд ингэснээр үзэгчид анхны контент бүтээгчийн бусад бүтээлтэй танилцах боломжтой юм.
Түүнчлэн “X”-ийн “Original Content Rewards” хөтөлбөрийн хүрээнд анхны контент бүтээгч болон богино бичлэг бэлтгэгч хоёулаа тухайн клипийн үзэлтээс орлого олох боломжтой гэж платформоос мэдээллээ. Гэхдээ уг урамшууллын хөтөлбөр нь зөвхөн тодорхой шаардлага хангасан бүтээгчдэд нээлттэй бөгөөд үзэгчдийн оролцооны түвшнээс хамааран төлбөр олгох аж.
Урт видеог богино хэмжээний бичлэг болгон хувааж, олон үзэгчийн анхаарлыг татах замаар зар сурталчилгааны орлого олох нь нийгмийн сүлжээнд түгээмэл ашиглагддаг арга барил юм. Сүүлийн үед инфлүүэнсэрүүд төдийгүй томоохон компаниуд маркетингийн кампанит ажилдаа, мөн улс төрийн кампанит ажилд ч энэ төрлийн үйлчилгээг тусгай агентлагуудаар хийлгэх нь нэмэгджээ.
“X” платформ сүүлийн жилүүдэд “YouTube”, “Substack” зэрэг өрсөлдөгчдөөс хэрэглэгч, бүтээгчдийг татахын тулд контентын төрлөө тасралтгүй өргөжүүлж байна. Тус компани 2022 онд (хуучнаар “Twitter”) урт хэмжээний видео, мөн уламжлалт тэмдэгтийн хязгаарлалтаа халж төлбөртэй захиалагчдад зориулсан урт нийтлэлийн форматыг нэвтрүүлсэн. Мөн энэ оны гуравдугаар сард зөвхөн төлбөртэй захиалагчдад харагдах “онцгой хэлхээс” (exclusive threads) функцийг нэмсэн бол долдугаар сард шууд дамжуулалтын студи нээж, шууд дамжуулалт хийдэг бүтээгчдэд зориулан 1 сая ам.долларын сан бүрдүүлжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





