Дэлхийн нийт эдийн засгийн 54 хувийг олигархи удирдагчидтай улсууд бүрдүүлж байна
Дэлхийн хэмжээнд 59 улс, засгийн газрын тэргүүн их хэмжээний хөрөнгө болон улс төрийн эрх мэдлийг хослуулсан олигархи шинж чанартай болохыг судлаачид тогтоолоо.

Шинээр бүрэлдэж буй дэлхийн дэг журамд олигархиуд нь зөвхөн Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа баяжсан Оросын элитүүд эсвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь тангараг өргөх ёслолын эхний эгнээнд суусан технологийн тэрбумтнуудаас хальж, дэлхий даяар тархжээ.
Олон улсын шинжээчид болох Дэвид Лингелбах, Валентина Родригес Герра нарын 2026 оны арваннэгдүгээр сард “Project Syndicate” болон “The Japan Times” хэвлэлд нийтэлсэн дүн шинжилгээгээр, хөрөнгө болон эрх мэдлийг нэгэн зэрэг төвлөрүүлж, бие биеэ дэмждэг тогтолцоо дэлхийн улс төр, эдийн засгийн үндсэн шинж чанар болоод удаж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Хөрөнгө ба эрх мэдлийн нэгдэл
Судлаачид олигархийг заавал тэрбумтан байх албагүй гэж үзэж байгаа бөгөөд 20 сая ам.доллароос дээш цэвэр хөрөнгөтэй, үүнийгээ улс төрийн эрх мэдэлтэй хослуулан бусдаас хараат бусаар нөлөөлөл үзүүлэх чадвартай этгээдийг энэ ангилалд багтаажээ.
Энэхүү шалгуураар Олон улсын валютын сангийн 2026 оны тооцоололд үндэслэн авч үзэхэд Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нараас гадна БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин, Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Нигерийн Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубу нар олигархи удирдагчдын тоонд орж байна.
Тэдгээр 59 удирдагчийн эрх мэдэл, хөрөнгөд хүрсэн замнал ялгаатай байна: Ойролцоогоор 20 хувь нь эхлээд хөрөнгө хуримтлуулж, дараа нь улс төрийн эрх мэдэл олж авсан (жишээлбэл, Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш, Дональд Трамп).
40 орчим хувь нь улс төрийн эрх мэдлээ ашиглан их хэмжээний хөрөнгөтэй болсон (жишээлбэл, Владимир Путин, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса).
Үлдсэн 40 хувь нь анхнаасаа хөрөнгө болон эрх мэдлийг хамтад нь эзэмшсэн (жишээлбэл, Мохаммед бин Салман, Мароккогийн хаан зургадугаар Мохаммед).
Эдгээр удирдагчдын ердөө 7 хувь нь өөрийн хүчээр хөрөнгөө босгосон бол үлдсэн 93 хувь нь өв залгамжлах эсвэл улс төрийн холбоо сүлбээгээр дамжуулан баяжжээ. Бүс нутгаар авч үзвэл Ойрх Дорнод, Хойд Африк болон Сахарын цөлөөс өмнөх Африкт хамгийн олон олигархи удирдагч төвлөрч байна.
Технологийн олигархиудын шинэ нөлөө
Төрийн тэргүүнүүд шийдвэр гаргах болон албадлагын эрх мэдлийг эзэмшдэг бол засгийн газрын албан тушаал хашдаггүй олигархиуд хэлэлцэх асуудлыг тодорхойлох буюу "agenda-setting" болон олон нийтийн сэтгэлгээг чиглүүлэх "thought-shaping" хоёр төрлийн хүчирхэг эрх мэдлийг хэрэгжүүлдэг байна.
АНУ-д уламжлалт нөлөө бүхий Чарльз Кох, Руперт Мердок нараас гадна сүүлийн үед “OpenAI”-ийн Сэм Олтмэн, “Tesla” болон “SpaceX”-ийн Илон Маск, “Google”-ийн Ларри Пейж зэрэг технологийн тэрбумтан улс төрийн хэрэгт идэвхтэй оролцохын зэрэгцээ төрийн аливаа гэрээ, зохицуулалтын хөнгөлөлтөөс ихээхэн ашиг хүртэх болсон байна.
Тэрбум гаруй хүн өдөр бүр хайлтын систем, нийгмийн сүлжээ ашиглаж, олон зуун сая хүн мэдээлэл боловсруулахдаа хиймэл оюунд найдах болсон өнөө үед “ChatGPT”, “X”, “Google Search” зэрэг платформыг хянаж буй технологийн олигархиудын нөлөө нь зарим тохиолдолд төрийн тэргүүнүүдийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй эн зэрэгцэн, цаашид бүр толгой дээр нь тухлаад авахаар байна.
Үзэл суртлаас үл хамаарах тогтворгүй дэг журамШинэ олигархи дэг журам нь ардчилал эсвэл автократ дэглэм, баруун эсвэл зүүний үзэл суртлаар хязгаарлагддаггүй. Олигархи удирдагчдын жагсаалтад коммунист үзэл сурталтай эрхэм буюу Ши Жиньпин, хувьсгалч зүүний үзэлтэн Никарагуагийн Даниэл Ортега, Росарио Мурильо нар болоод төвийн популист Андрей Бабиш, консерватив үндсэрхэг үзэлтэн Эрдоган, шашны консерватив Можтаба Хаменеи болон хэт барууны улстөрчид Трамп бүгд багтаж байна.
Шинжээчдийн дүгнэснээр олигархиуд нь институцийн хязгаарлалт болон гэрээ хэлэлцээрийг үргэлж эргэн харах боломжтой гэж үздэг тул тэдний ноёрхож буй дэлхийн дэг журам нь өмнөхөөсөө илүү тогтворгүй, арилжааны шинжтэй байх магадлалтай. Тодорхойгүй байдлыг боломж гэж хардаг энэхүү хандлага ойрын арван жилүүдэд ч дэлхийн улс төр, эдийн засгийн гол чиг хандлага хэвээр байхыг судлаачид тэмдэглэв..
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





