Д.Трамп: Хэлэлцээ ахицтай байгаа үед Иранд цохилт өгөөд байх шаардлагагүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй хэлэлцээ урагшилж байгаа тул цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх шаардлага “маш бага” гэдгийг мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт CNN телевизэд өгсөн ярилцлагадаа Ираны цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойн асуудлаарх хэлэлцээ ахицтай байгаа тохиолдолд цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх шаардлага “маш бага” гэдгийг мэдэгджээ. Гэхдээ Тегераны тал Вашингтоны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол нэмэлт цохилт өгөх боломжийг үгүйсгэсэнгүй. Трампын хэлснээр, цаашдын нөхцөл байдал Ираны тал АНУ-ын тавьж буй шаардлагыг тусгасан, түүний тодорхойлсноор “маш хатуу гэрээ”-нд гарын үсэг зурах эсэхээс шалтгаалах юм. Мөн тэрбээр Ираныг “доройтож буй улс” хэмээн тодорхойлжээ.
АНУ Ираны 38 гүүрийг онилжээ Трамп ярилцлагынхаа үеэр Ираны дэд бүтцэд цохилт өгөх боломжтойг онцолж, АНУ-ын цэргийн арми нийт 38 гүүрийг онилсон гэдгийг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ эдгээр гүүрийг нэг цагийн дотор устгаж чадах аж. Тэрбээр мөн бүс нутагт гурван нисэх онгоц тээвэрлэгч байгаа гэж мэдэгджээ.
Ормузын хоолойг нээх асуудлыг цөмийн хэлэлцээтэй холбожээ АНУ Ираны боомтуудад тогтоосон тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлж байгаа бөгөөд өмнөх эвлэрэл, хэлэлцээний оролдлогууд тохиролцоонд хүрээгүй байна. Трампын мэдэгдсэнээр, бүслэлтийн улмаас Иран руу чиглэсэн болон тус улсаас гарах тээвэр, худалдааны урсгал эрс багасаад буй. Вашингтон Ормузын хоолойг бүрэн нээх асуудлыг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах шаардлагатай хамтатган хэлэлцэж байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын Төв командлал Ираны хуурай газрын хил болон Каспийн тэнгисээр дамжих урсгалд хяналт тавих зорилготой “Iron Gate” ажлын хэсэг байгуулснаа зарлажээ. Тус ажлын хэсэг дэвшилтэт зэвсэг, цэргийн болон иргэний зориулалтаар ашиглаж болох технологи, хоригт орсон материал, хууль бус орлогын урсгалыг хязгаарлах зорилготой гэж мэдээлсэн байна. Трампын хэлснээр, уг ажиллагаа Ираны эсрэг бүрэн хэрэгжиж эхэлжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





