Түр зуурын трендийг урт хугацааны бизнес болгох гэсэн “Pop Mart”-ийн мөрөөдөл ганхаж эхэллээ
Бээжинд төвтэй “Pop Mart” компанийн дэлхий даяарх борлуулалт гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 50 хүртэлх хувиар буурсан байна.

Хятадын тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн нэрийн хуудас болсон “Лабубу” хүүхэлдэйн дэлхийн зах зээл дэх эрэлт саарч, борлуулалт нь огцом буураад буй. Тус компанийн мэдээлснээр дэлхийн хэмжээний борлуулалт нь гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 50 хүртэлх хувиар унасан байна. Ялангуяа Хятадаас гаднах зах зээлд энэ уналт бүр ч хурц илэрч, АНУ дахь орлого нь багадаа 70 хувиар буурчээ. Анх 2020 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн “Pop Mart”-ийн зах зээлийн үнэлгээ өдгөө 24 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн үнэ цэнтэй тоглоом үйлдвэрлэгчдийн нэг хэвээр байгаа ч хувьцааны ханш нь өнгөрсөн оны оргил үеэсээ 50 гаруй хувиар унаад байна.
Лабубу хүүхэлдэй ховор байдлаа алджээ 2019 онд зах зээлд анх гарсан “Лабубу” хүүхэлдэйг “blind box” буюу доторх дүр нь харагдахгүй битүү хайрцгаар худалдаалдаг нь цуглуулагчдын сонирхлыг ихэд татаж байв. Ким Кардашьян, “Blackpink” хамтлагийн Лиса зэрэг алдартан уг хүүхэлдэйг хэрэглэж эхэлснээр эрэлт нь огцом өсч, бүр Их Британийн зарим салбарт нь хэрэглэгчид хоорондоо хүүхэлдэйг булаацалдан маргалдсаны улмаас худалдаагаа түр зогсоож байсан удаатай. Мөн нэгэн хэрэглэгч хүний биеийн хэмжээтэй “Лабубу” хүүхэлдэйг 150,000 гаруй ам.доллароор худалдан авч байжээ. Гэвч Хятадын судалгааны “ChoZan” компанийн шинжээч Эшли Дударенок дүгнэснээр “Pop Mart” эрэлтийг дагаад үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн нь уг хүүхэлдэйн гол давуу тал болох ховор, олдоц муутай байдлыг үгүй хийсэн байна. Түүнчлэн Сингапурын Үндэсний их сургуулийн маркетингийн багш Самер Эль Хажжарын хэлснээр хөрөнгө оруулагчдын дунд “Pop Mart”-ийн өсөлтийг хэрэглэгчдийн урт хугацааны үнэнч байдал гэхээсээ илүү түр зуурын давлагаа байсан байж магадгүй хэмээн болгоомжлол үүсээд тодорхой хугацаа өнгөрчээ. Тус компани одоогоор дэлхийн 30 гаруй оронд 500 дэлгүүр, 2,000 автомат худалдааны машинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ч хувьцааны ханш болон борлуулалт нь унасаар буй.
Салбарын өрсөлдөгчид нэмэгдсээр байна “Лабубу” хүүхэлдэйн шуугиан намжихтай зэрэгцэн “Sonny Angels”, “Smiski”, “My Little Pony”, “KPop Demon Hunters” зэрэг өөр төрлийн битүү хайрцагтай цуглуулгын тоглоомууд зах зээлд хүч түрэн орж иржээ. Тухайлбал, Хятадын Гуанжоу хотноо үүсгэн байгуулагдсан, дэлхий даяар 8,000 гаруй салбартай “Miniso” сүлжээ нь “Disney” болон “Marvel”-ийн баатруудыг битүү хайрцгаар худалдаалж байна. Шинжээчдийн үзэж буйгаар “Pop Mart”-ийн өмнө тулгарч буй хамгийн том сорилт нь урт хугацаанд оршин тогтнох чадвартай дүр бүтээх юм. Тухайлбал, “Hello Kitty” брэндийг эзэмшигч “Sanrio” компани гуравдугаар сараар дуусгавар болсон санхүүгийн жилдээ түүхэн дээд ашиг олсон нь үүний тод жишээ болж буй. “Pop Mart” брэндийн өсөлтөө бэхжүүлэхийн тулд Бээжин хотноо цэцэрлэгт хүрээлэн байгуулж, “Лабубу” хүүхэлдэйн тухай бүрэн хэмжээний кино бүтээхээ зарлаад байгаа. Гэвч “Disney” эхлээд түүхээ худалдаад дараа нь тоглоомоо борлуулдаг бол “Pop Mart” эсрэгээр нь ажиллаж байгааг Эшли Дударенок онцлоод, алдартнуудын дэмжлэггүйгээр хүмүүсийг дүрдээ дурлуулж чадах эсэх нь ирэх оны гол сорилт болно хэмээв.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





