Дарханд Монголын анхны желатины үйлдвэр ашиглалтад орлоо
“Дархан Минж” ХХК-ийн “Мон Желат” үйлдвэр жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэнэ. Нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 11.9 тэрбумыг “Цагаан алт” хөдөлгөөний хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дархан Минж” ХХК-ийн “Мон Желат” желатины үйлдвэр арваннэгдүгээр сарын 3-нд Дархан хотод ашиглалтад орлоо. Энэ нь Монголд анх удаа желатин үйлдвэрлэх үйлдвэр юм.
Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Жавхлан болон Дархан-Уул аймгийн удирдлагууд, гадаад, дотоодын түнш байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Хаягдлаас нэмүү өртөг
Үйлдвэр жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Боловсруулах үйлдвэрийн шаардлага хангахгүй стандартын бус арьс шир, арьс боловсруулах явцад үүсдэг шохойн хуулдас, идээлсэн арьсны хатуу хаягдал, зоргодос зэрэг дайвар түүхий эдийг дахин боловсруулж, хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай желатин, органик амин хүчлийн бордоо үйлдвэрлэнэ. Эргэлт.мн-ийн мэдээлснээр, үйлдвэр жилд 300 мянган үхрийн арьс боловсруулах хүчин чадалтай.
Хөрөнгө оруулалт, ажлын байр
“Дархан Минж” ХХК нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 11.9 тэрбумыг “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлээр, 8.1 тэрбумыг компанийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлжээ. Желатины үйлдвэрлэлээс жилд 15 тэрбум, амин хүчлийн бордооноос 4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олохоор төлөвлөж байгаа бөгөөд 50–80 байнгын болон түр ажлын байр шинээр бий болно.
“Дархан Минж” ХХК 1992 оноос хойш Дархан-Уул аймагт бог, бод малын арьс шир боловсруулах, нэхий болон савхин хувцас, гутал үйлдвэрлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг юм.
Эх сурвалж: МҮОНРТ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, МОНЦАМЭ, Эргэлт.мн
ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орлоо #МОНЦАМЭ #ОронНутаг montsame.mn/mn/read/414503
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





