“Brookfield” компани Их Британид 20 тэрбум фунт стерлингийн хиймэл оюуны дата төв байгуулахаар төлөвлөж байна
Дата төвийн төслийн эхний 100 МВт хүчин чадлыг 2028 оны эхний улирлаас ашиглалтад оруулж, 2031 он гэхэд нэмэлт 500 МВт хүчин чадал бий болгох зорилт тавьсан байна.

Канадын хөрөнгө удирдлагын “Brookfield” компани Их Британийн хойд Йоркшир мужид хиймэл оюуны тооцоололд зориулсан томоохон өгөгдлийн төв байгуулахаар эрчим хүчний “Drax Group” болон үүлэн тооцооллын дэд бүтцийн “Radiant” платформтой хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт, тэр дундаа хагас дамжуулагч болон тооцооллын тоног төхөөрөмжийн зардал нийлээд 20 тэрбум фунт стерлинг буюу 26.8 тэрбум ам.доллароос давж болзошгүй гэж “Brookfield” тооцоолж байна.
Дата төвийг Хойд Йоркшир дахь “Drax" цахилгаан станцын талбайд байгуулахаар төлөвлөж эхний шатанд 2.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийхээр зорьжээ.
Төслийн тухай мэдээлэл гарсны дараа Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Drax Group”-ийн хувьцааны ханш мягмар гарагийн өглөөний арилжаагаар 8.8 хувиар өсөв.
Дата төвийн хүчин чадлыг нэг ГВт-аас давуулна
Төслийн эхний шатанд 100 МВт хүртэлх хүчин чадал бүхий дата төвийг 2028 оны эхний улирлаас ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үүний дараа 2028–2031 оны хооронд нэмэлт 500 МВт хүчин чадлыг үе шаттайгаар ашиглалтад оруулах зорилт тавьсан байна.
Ингэснээр 2031 он гэхэд нийт 600 МВт хүртэлх хүчин чадал бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашид төслийн хүчин чадлыг нэг ГВт-аас давуулах боломжийг судалж байна. Харин нэг ГВт-ын зорилтод хүрэх тодорхой хугацааг зарлаагүй байна.
Эхний шатны дата төв нь Их Британийн цахилгаан дамжуулах сүлжээнээс эрчим хүч авч, 2028 оны эхээр хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх юм.
Их Британийн компаниудад хиймэл оюуны тооцооллын дэд бүтэц бий болгоно
“Radiant” компанийн гүйцэтгэх захирал Махди Яхья төслийг Их Британийн хиймэл оюуны салбарт томоохон хэмжээний тооцооллын дэд бүтэц бий болгох боломж гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр дата төвийг Их Британид байгуулж, дотооддоо ажиллуулснаар тус улсын судлаачид, гарааны бизнесүүд болон аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын тооцооллын нөөцийг дотоодын зах зээлээс авах боломжтой болох юм.
Хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулахад өндөр хүчин чадлын хагас дамжуулагч, сервер болон цахилгаан эрчим хүч шаардлагатай байдаг.
Иймээс дата төвийн хөрөнгө оруулалт нэмэгдэх нь зөвхөн технологийн компаниудад бус, эрчим хүч, барилга, цахилгаан тоног төхөөрөмж болон дэд бүтцийн салбарт эрэлт бий болгох боломжтой.
Европын хиймэл оюуны дата төвүүдэд цахилгааны өртөг гол сорилт болж байна
АНУ хиймэл оюуны томоохон дата төвүүдийн бүтээн байгуулалтаар тэргүүлж байгаа бол Европын орнууд эрчим хүчний өндөр өртөг, газрын хүртээмж болон цахилгаан сүлжээний холболтын хүндрэлтэй тулгарч байна.
Ялангуяа Их Британид цахилгааны үнэ өндөр, шинэ хэрэглэгчдийг эрчим хүчний сүлжээнд холбох хугацаа урт байгаа нь дата төвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд саад болдог.
Тухайлбал, аравдугаар сард “Microsoft” компани Лондоны ойролцоох “Nscale” компанийн дата төвийн төслийн үндсэн хэрэглэгч болох гэрээнээс гарахад цахилгаан сүлжээний холболтын саатал нөлөөлжээ.
Харин “Nscale” тухайн үед төслийг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлж, цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг судалж байгааг мэдэгдсэн юм.
Энэ нь хиймэл оюуны дата төвийн хөрөнгө оруулалтад зөвхөн санхүүжилт хангалттай бус, найдвартай цахилгаан хангамж болон сүлжээний холболт шийдвэрлэх ач холбогдолтойг харуулж байна.
Финланд хиймэл оюуны дэд бүтцэд 13 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татжээ
Их Британиас ялгаатай нь Европын хойд бүсийн орнууд харьцангуй хүртээмжтэй эрчим хүч, газар нутгийн нөөцөөрөө дата төвийн хөрөнгө оруулалтад давуу талтай.
Тухайлбал, “Google” компани есдүгээр сард Финландад хиймэл оюуны дэд бүтцэд дор хаяж 13 тэрбум евро буюу 15.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан.
Энэ нь тус компанийн Европ дахь нэг удаагийн хамгийн том хөрөнгө оруулалтын амлалт болжээ.
Европын орнууд ийнхүү хиймэл оюуны тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлэхээр өрсөлдөж байгаа ч төслүүдийн хэрэгжилт эрчим хүчний өртөг, цахилгаан сүлжээний хүчин чадал, зөвшөөрөл болон үндсэн хэрэглэгчдийн эрэлтээс хамаарах юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





