Арьс ширний хаягдлыг желатин, бордоо болгон боловсруулах үйлдвэр Дарханд нээгдлээ
“Дархан Минж” ХХК-ийн шинэ үйлдвэр жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 11.

Арьс шир боловсруулахад үүсдэг хаягдал, дайвар түүхий эдийг желатин, амин хүчлийн бордоо болгон үйлдвэрлэх “Дархан Минж” ХХК-ийн үйлдвэр Дархан хотод ашиглалтад оржээ. Жилд 720 тонн желатин, 300 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь малын гаралтай түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлж, арьс ширний үйлдвэрлэлийн хаягдлаас орлого олох боломж бүрдүүлж байна.
Хөдөө аж ахуйн салбар бол өнгөрсөн онд Монголын эдийн засгийн өсөлтийг голлон дэмжсэн салбарын нэг байв. Үндэсний статистикийн хорооны дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 оны урьдчилсан тооцоогоор хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг бодит хэмжээгээр 33.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан юм. Эдийн засаг, хөгжлийн яамны тооцоогоор энэ нь нийт эдийн засгийн 6.8 хувийн өсөлтийн 2.9 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг боловсруулах салбартай холбох энэхүү үйлдвэр стандартын шаардлага хангахгүй арьс шир болон боловсруулах явцад гардаг уургийн гаралтай хаягдлыг ашиглах юм. Ингэснээр үндсэн бүтээгдэхүүнээс гадна дайвар түүхий эдийг боловсруулж, борлуулах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
ХХААХҮЯ-ны мэдээлснээр, желатины үйлдвэрлэлээс жилд 15 тэрбум, амин хүчлийн бордооноос дөрвөн тэрбум буюу нийт 19 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олохоор тооцсон байна. Мөн байнгын болон байнгын бус нийт 50–80 ажлын байр бий болгох аж.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн төслийн нийт хөрөнгө оруулалт 20 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 11.9 тэрбумыг хөнгөлөлттэй зээлээр, үлдсэн 8.1 тэрбумыг компанийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.
Үйлдвэрийн технологид ус дахин ашиглах систем, бохир ус цэвэрлэх байгууламж нэвтрүүлжээ. Ингэснээр технологийн хаягдал усны 70 хүртэлх хувийг дахин ашиглаж, химийн бодисын хэрэглээг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж яам мэдээлсэн байна.
Нээлтийн үеэр Их Британийн “Healan Ingredients”, Хонконгийн “Hung Yung International Holding” компаниудтай Европ болон БНХАУ-ын зах зээлд желатин экспортлох чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Ингэснээр арьс ширний боловсруулалтаас гардаг дайвар түүхий эдийг экспортын шинэ бүтээгдэхүүн болгох зах зээлийг зорьж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





