Өнөөдрөөс нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн талаар хичээл орж байна
Ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал арваннэгдүгээр сарын 9-нд эхэлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал өнөөдөр эхэлж байна. Энэ улирлаас нэгдүгээр ангийн сурагчид “Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл” үзэж эхлэхээр болсныг Боловсролын яам мэдээлжээ.
Тус хичээл нь хүүхдийг өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө таньж удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, зөрчил маргааныг зөв шийдвэрлэх зэрэг амьдралын суурь чадварт сургах зорилготой.
Хөтөлбөрийг “Би”, “Бусад”, “Бид” гэсэн гурван үндсэн агуулгын хүрээнд хэрэгжүүлж, нийт зургаан хүрээний 24 чадамжийг эзэмшүүлэхээр боловсруулжээ. Сурагчид “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг сэдвийг судална.
Хичээлийг заах багш нарыг тусгай арга зүйн сургалтад хамруулсан бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгохоор болжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулж, хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг сургууль, гэр бүлийн хамтын оролцоотой дэмжихээр төлөвлөсөн байна.
Шинэ хичээлийн гол онцлог нь сурагчдын хөгжлийн ахицыг үнэлэхэд оршино. Багш нар хүүхэд бүрийн 24 чадамжийн ахиц, хөгжлийг үнэлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт дэмжлэг үзүүлэх боломжтой болох аж.
Өмнө нь нийгэмшил, сэтгэл хөдлөлийн боловсролын агуулгыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн хөтөлбөрт бие даасан хичээл хэлбэрээр тусгайлан хэрэгжүүлж байгаагүй бөгөөд зарим хувийн сургуульд энэ чиглэлийн сургалт зохион байгуулж иржээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





