Эгдүүтэй гөлөг хараад уярах мэдрэмж таны зүрх судас, сэтгэлийг тайтгаруулдаг байна
Өмнөд Солонгосын эрдэмтдийн судалгаагаар ердөө 15 минутын гөлөгний бичлэг үзэхэд л хүний цусны даралт, зүрхний цохилт тогтворжиж, сэтгэл түгшилт эрс багасдаг болох нь тогтоогджээ.

Өхөөрдөм гөлөг харах төдийд л дотор уужирч, сэтгэл сэргэдэг нь хоосон зүйл биш ажээ. Өмнөд Солонгосын эрдэмтэд гөлөгний бичлэг хүний бие махбодь, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой судалгаа хийж, үр дүнгээ олон улсын “Frontiers in Public Health” сэтгүүлд нийтлүүлжээ.
Судалгааны багийнхан амьтны зан төлөвийн онцлогт тулгуурлан тусгай бичлэг бэлтгэжээ. Гөлөгний том нүд, дугуй царай, жижиг хамрын хэлбэр нь хүнд хайрлах, хамгаалах зөн совинг аяндаа төрүүлдэг байна. Тиймээс үзэгчдэд яг л өөртэй нь нүдээрээ харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц 15 минутын бичлэгийг бүтээжээ.
Энэхүү бичлэгийг 66 хүнд үзүүлж, үзэхээс өмнөх болон дараах биеийн байдлыг нь хэмжсэн байна. Үр дүнд нь оролцогчдын дээд даралт мэдэгдэхүйц буурч, сэтгэл санааны хямрал, айдас түгшүүр, ядаргаа болон бухимдал зэрэг сөрөг мэдрэмжүүд багассан нь батлагджээ.
Энэ талаар судалгааг ахалсан профессор Сон Ён Хван “Өдөр тутмын амьдралд хялбархан ашиглаж болох ийм аргуудыг эмчилгээтэй хослуулбал өвчтөнүүдийн стрессийг бууруулах, даралтыг хялахад туслах маш сайн нэмэлт хэрэгсэл болно” хэмээн ярьжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





