“Цочир хямдрал” гэсэн бичиг харангуутаа л түрийвчээ хайрлахаа байчихдаг бол эдгээр 5 алхамд анхаараарай
Жил бүрийн “Хар баасан гараг”, эсвэл “Гану биечүүдийн өдөр” зэрэг томоохон хямдралын үеэр хэрэглэгчид хүссэн бүтээгдэхүүнээ хямд үнээр авах боломжтой болдог.

Жил бүрийн “Хар баасан гараг”, эсвэл “Гану биечүүдийн өдөр” зэрэг томоохон хямдралын үеэр хэрэглэгчид хүссэн бүтээгдэхүүнээ хямд үнээр авах боломжтой болдог. Гэвч давчуу хугацаатай урамшуулал, анхаарал татсан сурталчилгаа, бусдын худалдан авалт зэрэг нь зарим хүнийг анх төлөвлөөгүй зүйлдээ мөнгө зарцуулахад хүргэдэг. Хэрэглэгчид худалдан авалтаа хэрэгцээ, үнэ болон санхүүгийн боломждоо тулгуурлан хийдэг гэж үздэг ч сэтгэл хөдлөл, орчны нөлөө, бусдын сонголт шийдвэрт нь нөлөөлдөг. Тиймээс хямдралын үеэр дараах таван алхмыг хэрэгжүүлэх нь илүү бодлоготой худалдан авалт хийхэд тусална.
Хямдрал эхлэхээс өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга Худалдааны байгууллагууд хямдралын үеэр олон төрлийн бүтээгдэхүүнийг зэрэг сурталчилдаг. Сонголт нэмэгдэх тусам хэрэглэгч анхны зорилгоосоо хазайж, хэрэгцээгүй бараа сонирхох магадлалтай. Иймээс дэлгүүр орох эсвэл цахимаар худалдан авалт хийхээс өмнө шаардлагатай бүтээгдэхүүнээ жагсааж, төсвөө тодорхойлох нь зүйтэй. Жагсаалтад байхгүй бүтээгдэхүүн анхаарал татвал үнэхээр хэрэгтэй эсэхийг дахин бодож үзээрэй.
Хямдарсан хувийг бус, бодитоор хэмнэх мөнгөө тооц “50 хувийн хямдрал” гэсэн сурталчилгаа хэрэглэгчдэд ашигтай боломж мэт харагддаг. Гэхдээ хямдралын хувь өндөр байх нь тухайн бүтээгдэхүүнийг зах зээл дээрх хамгийн боломжийн үнээр авч байна гэсэн баталгаа биш. Тухайлбал, 300,000 төгрөгийн бүтээгдэхүүн 30 хувиар хямдарвал 210,000 төгрөг болно. Харин ижил төрлийн, хэрэгцээг тань хангалттай хангачих өөр бүтээгдэхүүн 180,000 төгрөгийн үнэтэй байвал хямдарсан бараа хамгийн ашигтай сонголт биш болно гэсэн үг. Тиймээс хямдралын өмнөх үнэ, одоогийн үнэ болон бусад худалдааны байгууллагын саналыг харьцуулах хэрэгтэй.
Худалдан авах шийдвэрээ яаралгүй гарга “Зөвхөн өнөөдөр”, “Сүүлчийн боломж”, “Цөөн тоогоор үлдлээ” зэрэг сурталчилгаа хэрэглэгчдэд яаралтай шийдвэр гаргах шаардлагатай мэт мэдрэмж төрүүлдэг. Үүнийг ямар нэг боломжийг алдахаас эмээх буюу FOMO хэмээх сэтгэл зүйн үзэгдэлтэй холбон тайлбарлаж болно. Ийм үед бүтээгдэхүүнийг шууд худалдан авахын оронд хэсэг хугацаанд хүлээж, шаардлагатай эсэхийг дахин үнэлэх нь зүйтэй. Ялангуяа өндөр үнэтэй, яаралтай хэрэгцээгүй бараанд 24 цагийн хугацаа өгч бодох нь түр зуурын сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас сэргийлэх практик арга юм.
Бусдын худалдан авалтыг өөрийн хэрэгцээтэй андуурч болохгүй Мөн нийгмийн сүлжээнд олон хүн нэг бүтээгдэхүүнийг сурталчилж, хэрэглэж эхлэхэд тухайн бараа зайлшгүй хэрэгтэй мэт санагдаж болно. Тухайлбал, энгийн усны сав хүртэл цахим орчинд түгээмэл болсноор хэрэглэгчдийн авахыг хүсдэг бүтээгдэхүүн болж хувирдаг. Гэвч бусдын хувьд хэрэгцээтэй эсвэл загварлаг санагдсан зүйл таны хувьд мөн адил шаардлагатай гэсэн үг биш. Тиймээс бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө “Би үүнийг үнэхээр ашиглах уу, эсвэл бусад хүмүүс ч хэрэглэж байгаа учраас л авахыг хүсч байна уу?” хэмээн эргэцүүлээд нэг үзээрэй.
Хямдралд зарцуулсан мөнгөө бус, үлдсэн төсвөө анхаар Хэрэглэгчид хямдралтай бүтээгдэхүүн авахдаа зарцуулах мөнгөнөөсөө илүү хэмнэж буй дүнд анхаарах нь бий. Тухайлбал, 500,000 төгрөгийн барааг 300,000 төгрөгөөр худалдаж авбал 200,000 төгрөг хэмнэсэн мэт санагдана. Гэвч анхнаасаа шаардлагагүй бүтээгдэхүүн байсан бол хэрэглэгч бодитоор 300,000 төгрөг зарцуулсан гэсэн үг. Иймээс худалдан авалт бүрийн дараа нийт хэдэн төгрөг зарцуулсан, сарын төсөвт хэрхэн нөлөөлж байгааг тооцох нь чухал. Хямдрал бүр муу сонголт биш. Харин хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ боломжийн үнээр авах нь санхүүгийн хувьд ашигтай байж болно. Гол нь тухайн бүтээгдэхүүнийг хямдраагүй байсан ч худалдан авах шаардлагатай байсан эсэхээ бодож үзэх хэрэгтэй. Худалдан авах эцсийн шийдвэр хэрэглэгчийн гарт байдаг ч тухайн шийдвэрт үнэ, сурталчилгаа, сэтгэл хөдлөл болон бусдын сонголт нөлөөлдөг. Эдгээр нөлөөг таньж мэдэх нь хямдралын үеэр түрийвчээ хамгаалах эхний алхам юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





