Олон улсын түвшинд чихрийн шижингийн тавдугаар хэлбэрийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө
Олон улсын чихрийн шижингийн холбоо хоол тэжээлийн дутагдалтай холбоотой, уламжлалт нэг болон хоёрдугаар хэлбэрээс ялгаатай чихрийн шижинг тавдугаар хэлбэрийн буюу “Type 5 diabetes” хэмээн нэрлэжээ.

Чихрийн шижин гэхээр амттан их иддэг, илүүдэл жинтэй хүмүүсийн өвчин гэж төсөөлдөг үү? Тэгвэл заавал тийм биш ч байж болох юм. Олон улсын чихрийн шижингийн холбоо хоол тэжээлийн дутагдалтай холбоотой, ихэвчлэн туранхай залууст тохиолддог чихрийн шижингийн тавдугаар хэлбэрийг 2025 онд албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Сонирхолтой нь, уг өвчнийг дөнгөж сая илрүүлсэн хэрэг биш. Бүр 1955 онд Ямайкад эмч Филип Хью-Жонс 13 өвчтөний шинж тэмдгийг судлахдаа чихрийн шижингийн нэг болон хоёрдугаар хэлбэрийн аль алинд нь тохирохгүй байгааг анзаарчээ. Тэрбээр уг өвчнийг тухайн үед “Type J” буюу “Ж хэлбэрийнх” гэж нэрлэсэн ч энэ нэршил төдийлөн түгээгүй байна. Ийнхүү анх ажиглагдсанаасаа хойш 70 жилийн дараа уг өвчин тавдугаар хэлбэрийн чихрийн шижин гэсэн албан ёсны нэртэй болжээ.
Тэгвэл туранхай байх нь ямар хамаатай вэ? Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр нь бие махбод инсулиныг үр дүнтэй ашиглаж чадахгүй болох, эсвэл хангалттай инсулин ялгаруулахгүй байхтай холбоотой. Харин тавдугаар хэлбэрийн үед удаан хугацааны хоол тэжээлийн дутагдал нойр булчирхайн хөгжил, үйл ажиллагаанд нөлөөлж, инсулины ялгаралтыг бууруулдаг байж болзошгүй аж. Өөрөөр хэлбэл, зөвхөн илүүдэл жин бус, хоол тэжээлийн ноцтой дутагдал ч цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад хүндрэл учруулж болдог гэсэн үг. Гэхдээ туранхай хүн бүр энэ өвчнөөр өвчилнө гэсэн үг биш. Уг өвчин нь ялангуяа бага, дунд орлоготой орнуудын хоол тэжээлийн дутагдалд орсон залууст илүү ажиглагддаг байна.
Дэлхий даяар 25 сая хүн өвчилсөн байж болзошгүй Судлаачдын тооцоолсноор дэлхий даяар 20–25 сая хүн тавдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй байж болзошгүй. Гэвч тэдний зарим нь өвчнөө мэдэхгүй, зарим нь чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрээр буруу оношлогдсон байх эрсдэлтэй аж. Тавдугаар хэлбэрийн үед ам цангах, ойр ойрхон шээх, ядрах, хараа бүрэлзэх, шарх удаан эдгэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Эдгээр нь бусад төрлийн чихрийн шижинтэй төстэй учраас зөв оношлоход хүндрэл учруулдаг. 2025 онд “The Lancet Diabetes & Endocrinology” сэтгүүлд нийтлэгдсэн YODA судалгаанд Африкийн гурван улсын 894 залуу өвчтөнийг хамруулжээ. Судалгаанд оролцогчдын 65.1 хувьд нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй холбоотой аутоэсрэгбие илрээгүй нь залуусын дунд чихрийн шижингийн өөр хэлбэрүүдийг илүү нарийвчлан судлах шаардлагатайг харуулсан байна. Гэхдээ тэдгээр өвчтөн бүгд тавдугаар хэлбэртэй гэсэн үг биш юм.
Эмчилгээ нь ч өөр байж магадгүй Судлаачид тавдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн хоол тэжээлийг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах хамгийн үр дүнтэй аргыг судалж байна. Уураг, амин дэм, эрдэс бодисын дутагдлыг нөхөх нь эмчилгээний чухал хэсэг байж болох ч инсулин хэрэглэх эсэхийг өвчтөн бүрийн нөхцөлд тохируулан шийдэх шаардлагатай. Ийнхүү 70 жилийн өмнө анх ажиглагдсан өвчин олон улсын анхаарлын төвд дахин орж ирлээ. Энэ удаад зөвхөн шинэ нэртэй болоод зогсохгүй, олон сая хүнийг зөв оношилж, тохирсон эмчилгээ хийх боломжийг нэмэгдүүлэхээр судалж байгаа юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





