Сурагчдын үдийн хоолны зардлыг 2027 оноос 5,845 төгрөгт хүргэнэ
Боловсролын яамнаас 2027 онд ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн нэг сурагчид ногдох үдийн хоолны зардлыг 5,845 төгрөг болгохоор төсвийн төсөлд тусгажээ. Сургуулийн хоолны зардлыг 25.

Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардлыг 2027 онд 5,845 төгрөгт хүргэхээр төсвийн төсөлд тусгажээ. Тус яамны мэдээлснээр зардлыг 25.4 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь сурагчдын хоолны чанар, шим тэжээлийн хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.
Одоогоор бага ангийн нэг сурагчийн үдийн хоолны хүнсний түүхий эдэд өдөрт 2,500 төгрөг зарцуулагдаж байна. Харин УИХ-ын 2026 оны 28 дугаар тогтоолын хавсралтад энэ зардлыг 2027 онд 3,500 төгрөгт хүргэх зорилт тусгажээ. Энэ нь зөвхөн хүнсний түүхий эдийн зардал бөгөөд хоол үйлдвэрлэлтэй холбоотой бусад зардлаас ялгаатай үзүүлэлт юм.
Боловсролын сайдын 2026 оны аравдугаар сард УИХ-д танилцуулсан мэдээллээр 2025–2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургуульд нийт 739,982 сурагч суралцаж байгаагаас 341,083 нь 1–5 дугаар ангийн үдийн хоолны үйлчилгээнд хамрагджээ.
Тэгвэл УИХ-ын 2026 оны 28 дугаар тогтоолд 6–7 дугаар ангийн сурагчдыг 2027–2028, 8–9 дүгээр ангийн сурагчдыг 2028–2029, 10–12 дугаар ангийн сурагчдыг 2029–2030 оны хичээлийн жилээс үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд хамруулах зорилт тусгажээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь сургуулийн хоолны хөтөлбөрийн зардлын судалгаанд хоолны санхүүжилтийг инфляц, хүнсний түүхий эдийн үнийн өсөлт болон хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх шаардлагатайг онцолжээ.
Иймд 2027 онд төлөвлөсөн санхүүжилтийн нэмэгдэл нь сурагчдын хоолны чанарт бодит өөрчлөлт авчрах эсэх нь зөвхөн нэг хүүхдэд ногдох зардлаас бус, хоолны цэс, шим тэжээлийн стандарт, үйлдвэрлэлийн орчин болон хэрэгжилтийн хяналтаас хамаарах юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





