Номыг хурдан уншиж дуусгахын тулд хүчилж биш, харин төвлөрч, таашаан унших ёстой
“CNN”-ий сэтгүүлч Оскар Холланд 2,000 гаруй хуудас бүхий зургаан романыг долоон долоо хоногт унших туршилт хийж, ном уншихыг хатуу тоон зорилт болгох нь амралтыг дарамт болгож хувиргадгийг харууллаа.

Сүүлийн жилүүдэд бидний чөлөөт цагийн ихэнх хэсгийг ухаалаг утас, цахим ертөнц эзлэх болж, ном унших дадал мэдэгдэхүйц буурсан. Олон улсын хэвлэлүүд үүнийг ихэвчлэн Z үеийнхэнтэй холбож ярьдаг ч үнэн хэрэгтээ зөвхөн залуус гэлтгүй бүх насныхан дэлгэцэд донтож, номноос хөндийрөөд байна.
Энэ өөрчлөлтийг өөрийн биеэр мэдэрч, туршиж үзэхээр “CNN” агентлагийн сэтгүүлч Оскар Холланд нэгэн сонирхолтой сорилт эхлүүлжээ. Тэрбээр Бүүкерийн шагналд нэр дэвшсэн зургаан романыг долоон долоо хоногийн дотор уншиж дуусгах зорилго тавьсан байна.
Нийт 2,000 гаруй хуудас уншихын тулд тэр өдөр бүр дунджаар 45 хуудас эргүүлэх шаардлагатай болов. Унших хурд хэмждэг “Swiftread” аппликейшны тооцоогоор энэ зорилтыг биелүүлэхийн тулд өдөрт 1.3 орчим цаг зарцуулна гэсэн үг. Холланд гар утасныхаа дэлгэцийн хэрэглээг үүнтэй харьцуулж хараад, утсаа оролдоход үүнээс хавьгүй их цаг үрдэг болохоо анзаарчээ.
Утсаа шалгах бүрд тархи ядардаг
Бид ном уншиж байхдаа хажуугаар нь утасны мэдэгдэл шалгачихаад буцаад унших гэхээр “За, би хаанаа явлаа” гээд хэсэг гацдаг шүү дээ.
Тэгвэл мэдрэлийн эмч, “Your Stone Age Brain in the Screen Age” номын зохиолч Ричард Сайтовикийн тайлбарласнаар хүн олон ажлыг зэрэг хийж чаддаггүй, харин нэг зүйлээс нөгөө рүү анхаарлаа маш хурдан шилжүүлэхдээ гарамгай гэнэ. Гэхдээ ингэж байнга анхаарлаа шилжүүлэх нь тархины асар их эрч хүчийг бардаг. Тиймээс дэлгэц ширтэж, мэдээллийн урсгалд тархиа ядраасан үед утсаа хойш тавиад, удаан төвлөрч ном унших нь анхаарал төвлөрөх чадварыг сэргээх хамгийн сайн дасгал болдог аж.
Тоон зорилтын урхи Гэвч Холландын туршилт тийм ч амар байсангүй. Эхний гурван долоо хоногт тэр өдөрт 45 хуудас унших төлөвлөгөөгөө ягштал биелүүлсэн ч ганцхан өдөр өнжсөний дараа өдөр тутмын норм нь 47 хуудас болж өсяээ. Ингээд л анх амрах, таашаал авах гэж эхлүүлсэн ажил нь заавал биелүүлэх ёстой хүнд даалгавар болж хувирав.
Долоон долоо хоногийн турш номоо дуусгахын тулд тэр нойрноосоо хумсалж, дасгал хөдөлгөөн хийх, найз нөхөдтэйгөө уулзах цагаа хүртэл танахад хүрчээ. Доктор Сайтовик ч үүнийг сануулж, ном уншихыг хатуу “тоон зорилт” болгох нь амралтыг дахин нэг бүтээмжийн шалгуур, дарамт болгодог гэдгийг онцолсон байна.
Бага ч гэсэн тогтмол уншъя
Холландын туршлагаас харахад, богино хугацаанд олон ном уншиж дуусгах гэж өөрийгөө хүчлэхээс илүү өдөр бүр багахан цагийг тогтмол гаргах нь хамаагүй үр дүнтэй. Тухайлбал, Сингапурт иргэдийг өдөр бүр 15 минут ном уншихыг уриалсан хөтөлбөр хэрэгжүүлж, 50 өдөр дараалан уншсан хүнд 0.80 орчим ам.долларын урамшуулал олгож байгаа аж.
Эцсийн дүндээ ном уншихын гол утга учир нь хэдэн хуудас эргүүлсэн, хэдэн ном дуусгаснаар хэмжигддэггүй. Хамгийн гол нь тэрхүү үйл явцаас таашаал авч, утга агуулгыг нь мэдэрч, бодол санаагаа цэгцлэхэд л оршдог аж.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





