Орон сууцны үнэ жилийн хугацаанд 6.8 хувиар өсч, хуучин байрны үнийн өсөлт шинэ байрныхаас давлаа
Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өсчээ. Хуучин орон сууцны үнэ жилийн хугацаанд 7.3 хувиар өссөн бол шинэ орон сууцных 4.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс аравдугаар сард 1.48 болж, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсчээ. Орон сууцны насжилтаар авч үзвэл хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцныхаас илүү хурдацтай өссөн байна. Тодруулбал, хуучин орон сууцны үнийн индекс жилийн хугацаанд 7.3 хувиар өссөн бол шинэ орон сууцных 4.9 хувиар нэмэгджээ. Аравдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.83 сая төгрөг болсон бол хуучин орон сууцных 4.94 сая төгрөгт хүрсэн байна. Ингэснээр хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ шинэ орон сууцныхаас 110,000 төгрөгөөр өндөр байгаа юм. Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 1.3 хувь, хуучин орон сууцных 0.4 хувиар тус тус өсчээ.
Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр байна Дүүргүүдийн үнийн мэдээллээс харахад Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.50 сая, хуучин орон сууцных 5.97 сая төгрөг байгаа нь нийслэлийн төвийн зургаан дүүргээс хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ 3.65 сая, хуучин орон сууцных 3.32 сая төгрөг байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм. Байршлаар нь нарийвчлан авч үзвэл Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 8.11 сая төгрөгт хүрч, судалгаанд хамрагдсан байршлуудаас хамгийн өндөр байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчимд 3.33 сая төгрөг байгаа нь хамгийн бага үзүүлэлт болжээ. Гэхдээ дүүрэг бүрийн үнийн түвшин харилцан адилгүй байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар буурч, Сүхбаатар дүүрэгт 4.0 хувиар унасан бол хуучин орон сууцных Баянзүрх дүүрэгт 7.5 хувиар ахижээ.
Хоёр өрөө байрны сарын түрээс дунджаар 1.96 сая төгрөг байна Орон сууцны түрээсийн үнийн туршилт тооцоогоор 2026 оны аравдугаар сард нэг өрөө байрны сарын түрээс дунджаар 1.39 сая, хоёр өрөө байрных 1.96 сая, гурван өрөө байрных 3.06 сая төгрөг болжээ. Түрээсийн үнэ мөн Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байгаа бөгөөд гурван өрөө байрны сарын түрээс дунджаар 3.62 сая төгрөг байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт гурван өрөө байрны түрээс 1.75 сая төгрөг байгаа нь Сүхбаатар дүүргийнхээс 1.87 сая төгрөгөөр бага юм. ҮСХ-ноос орон сууцны үнийн индекс болон дундаж үнийг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн мэдээлэлд үндэслэн тооцдог. Үнийн индексийг орон сууцны шинж чанарын ялгааг харгалздаг хедоник регрессийн аргаар тооцсон бол нэг метр квадрат талбайн дундаж үнийг цуглуулсан үнийн мэдээллийн арифметик дунджаар гаргажээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





