Тайвань энэ жилийн “АПЕК”-ийн уулзалтад эрх тэгш оролцох баталгаа шаардаж байна
Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ Хятадын Шэньжэнь хотноо болох “АПЕК”-ийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад Тайвань бусад гишүүн орнуудын адил эрх тэгш оролцох ёстойг мэдэгдлээ.

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ энэ жилийн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу “АПЕК”-ийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад эрх тэгш оролцох зарчмыг баримталж буйгаа мэдэгдлээ. Тус уулзалтыг энэ жил Хятадын Шэньжэнь хотод зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Тайванийн тал үүнд эрх тэгш оролцох талаар Бээжингээс бичгээр баталгаа хүссэн байна. “АПЕК” нь Тайвань бүрэн эрхт гишүүнээр оролцдог олон улсын цөөн байгууллагын нэг юм. Гэвч Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэ Хятадын бүрэн эрхт байдлын талаарх шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй аж. Лай Чин Тэ Тайбэй дэх Ерөнхийлөгчийн ордонд “Acer” компанийг үүсгэн байгуулагч Стэн Шиг “АПЕК”-ийн уулзалтад оролцох төлөөлөгчөөр танилцуулах үеэрээ тус байгууллагыг бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн чухал олон талт механизм хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “АПЕК”-ийн бүх гишүүн эрх тэгш харилцдаг бөгөөд Тайвань ч энэ зарчмын дагуу оролцож байгааг онцолсон байна. Мөн уулзалтын бэлтгэл ажлын үеэр Тайванийг бүх хуралдаанд оролцуулахын ач холбогдлыг дэмжиж ирсэн улс орнуудад талархал илэрхийлсэн ч тодорхой нэр дурдаагүй аж. Харин Хятадын Гадаад хэргийн яам Тайванийн төлөөлөгчдийн оролцоог “Нэг Хятад” зарчим болон “АПЕК”-ийн холбогдох санамж бичгийн дүрэм, тогтсон журмын дагуу зохицуулдаг гэж мэдэгджээ. Тус яамны тайлбарласнаар эдгээр нөхцөлийг мөрдсөн тохиолдолд Тайванийн төлөөлөгчид уулзалтад хэвийн оролцох боломжтой юм.
Тайвань эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна Ерөнхийлөгч Лай Чин Тэ төлөөлөгч Стэн Шид геополитикийн нөхцөл байдал, эрчим хүчний асуудал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний бүтцийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн гол байр суурийг уламжлахыг даалгажээ. Тухайлбал, дэлхийн эдийн засаг олон сорилттой тулгарч байгаа энэ үед Тайвань тогтвортой, найдвартай түнш хэвээр байхыг эрмэлзэж буйг илэрхийлэх юм. Мөн гол түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлыг хамтран хамгаалах зорилготой байгааг онцолжээ. Тайвань аливаа улс төрийн маргаанаас зайлсхийхийн тулд “АПЕК”-ийн төрийн тэргүүн нарын уулзалтад ихэвчлэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс эсвэл бизнесийн салбарын удирдлагуудыг төлөөлөгчөөр илгээдэг. Тэд уулзалтын үеэр АНУ, Япон зэрэг түнш орны төлөөлөгчидтэй харилцдаг байна. Энэ удаагийн төлөөлөгч Стэн Ши өмнө нь 2007 онд Австралид зохион байгуулсан APEC-ийн уулзалтад Тайванийг төлөөлөн оролцож байжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын Төрийн тэргүүн Ши Жиньпин нар Шэньжэнь хотноо уулзахаар хүлээлттэй байгаа бөгөөд тэд энэ онд гурав дахиа уулзахаар байгаа юм. Өмнөх “АПЕК”-ийн уулзалтуудаар Тайванийн төлөөлөгчид Ши Жиньпинтэй мэндчилж байсан тохиолдол бий ч харилцаа нь ихэвчлэн гар барих, мэндчилгээ солилцох төдий байжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





