АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт 0.2 хувиар өсч, хэрэглээний өсөлт саарлаа
АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт аравдугаар сард 0.2 хувиар өссөн нь есдүгээр сарын 0.8 хувийн өсөлтөөс мэдэгдэхүйц саарсан үзүүлэлт боллоо. Автомашины борлуулалт 1.

АНУ-ын Худалдааны яамнаас мягмар гарагт мэдээлснээр тус улсын жижиглэн худалдааны борлуулалт аравдугаар сард өмнөх сараас 0.2 хувиар өсчээ. Автомашин, тавилга зэрэг өндөр өртөгтэй бүтээгдэхүүний борлуулалт буурсан ч бусад ангиллын хэрэглээ тогтвортой байсан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Автомашин, тавилгын борлуулалт буурч, онлайн худалдаа өсжээ Салбарын гүйцэтгэлийг задалж үзвэл, автомашины дилерүүдийн борлуулалт аравдугаар сард 1.6 хувиар унаж, тавилгын дэлгүүрүүдийнх 2.3 хувиар буурсан бол цахилгаан бараа, гэр ахуйн төхөөрөмжийн борлуулалт өөрчлөгдөөгүй байна. Мөн хувцас, спортын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг болон номын дэлгүүрүүдийн борлуулалт буурчээ. Харин АНУ-ын цахим худалдаа, технологийн аварга “Amazon” компанийн Prime Big Deal Days урамшуулалт худалдаатай холбоотойгоор цахим болон дэлгүүрээс гадуурх худалдааны борлуулалт 1.2 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ цэцгийн болон гэрийн тэжээвэр амьтдын барааны дэлгүүрүүдийг багтаасан бусад жижиглэн худалдааны борлуулалт 4.7 хувиар нэмэгдсэн бол барилгын материалын дэлгүүрүүдийнх 0.5 хувийн өсөлт үзүүлжээ. Харин автомашин, шатахуун, барилгын материал болон нийтийн хоолны үйлчилгээний борлуулалтыг хасч тооцсон суурь жижиглэн худалдааны борлуулалт 0.6 хувиар өссөн нь эдийн засагчдын 0.4 хувийн өсөлтийн таамгаас өндөр үзүүлэлт болов. Түүнчлэн есдүгээр сарын суурь борлуулалтын өсөлтийг өмнө мэдээлсэн 0.1 хувиас 0.5 хувь болгон өсгөж шинэчилсэн байна.
Өндөр орлоготой өрхүүд өсөлтийн голлох хөшүүрэг болж байна Инфляц өндөр байгаа нь дундаж болон дунджаас доогуур орлоготой өрхүүдийн худалдан авах чадварыг хумиж байна. Тодруулбал, татвар болон инфляцын нөлөөг хасч тооцсон өрхийн бодит орлого есдүгээр сард 0.3 хувиар буурчээ. “ING” банкны олон улсын ахлах эдийн засагч Жеймс Найтлигийн тайлбарласнаар дундаж болон дунджаас доогуур орлоготой өрхүүд орлогынхоо ихэнхийг хүнс, хувцас зэрэгт зарцуулдаг тул амьжиргааны өртгийн өсөлт тэдний хэрэглээг шууд хумиж байна. Харин чинээлэг өрхүүдийн хөрөнгө өссөний үр дүнд нийт хэрэглээнд эзлэх хувь нь мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдсэн байна.
Эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүллээ “Goldman Sachs”-ийн эдийн засагчид эдийн засгийн тоон үзүүлэлтүүд хүлээлтээс давсныг харгалзан үзэж, АНУ-ын дөрөвдүгээр улирлын ДНБ-ий өсөлтийн төлөвөө өмнөхөөс 0.6 хувиар нэмэгдүүлэн, 2.4 хувьд хүргэжээ. АНУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн бөгөөд өрхийн хэрэглээ болон хиймэл оюуны салбарын бизнесийн хөрөнгө оруулалт голлон нөлөөлсөн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





