Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж 7.2 хувиар өсч, 6.6 сая төгрөгт хүрлээ
Монгол Улсын нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улиралд 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон дүнгээр 6.6 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 445,800 төгрөгөөр нэмэгджээ.

Үндэсний статистикийн хорооны мягмар гарагт танилцуулсан мэдээллээр Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна. Тодруулбал, нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон дүнгээр 6.6 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 445,800 төгрөгөөр нэмэгджээ.
Салбаруудаар авч үзвэл, хөдөө аж ахуйн хөдөлмөрийн бүтээмж өмнөх оны мөн үеэс 27.0 хувь буюу 845,900 төгрөгөөр нэмэгдэж, 4.0 сая төгрөгт хүрсэн байна. Харин уул уурхай, олборлолтын салбарынх 24.1 хувиар буюу 3.5 сая төгрөгөөр ахиж, 18.1 сая төгрөгт хүрсэн нь салбар дундаа хамгийн өндөр үзүүлэлт болов.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, барилгын салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 3.7 хувиар өсч, 4.0 сая төгрөг болсон бол үйлчилгээний салбарынх 3.6 хувь буюу 209,900 төгрөгөөр буурч, 5.6 сая төгрөг болжээ.
Хөдөлмөрийн бүтээмжийг нэг ажиллагчид ногдох бодит ДНБ-ээр хэмждэг бөгөөд тухайн эдийн засагт ажиллагч бүрд ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг илэрхийлдэг.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





