“Эмгэг” гэх оношны цаадах тархины өвөрмөц зүй тогтол буюу ADHD-г шинээр харах нь
Их Британид гэхэд ойролцоогоор хоёр сая хүн буюу нийт хүн амын 4 хувь нь анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн шинж тэмдэгтэй амьдарч байгаа бөгөөд зарим бүс нутагт онош тодруулах хүлээлгийн…

Орчин үеийн сэтгэл судлал, мэдрэл судлалын салбарт нэгэн чухал хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ бол анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг буюу ADHD-ийг зөвхөн эмнэлгийн жор, эмчилгээ шаарддаг “эмгэг” гэх явцуу хүрээнээс салгаж, хүний тархины мэдээлэл боловсруулах өвөрмөц онцлог, ялгаатай байдлын нэг хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрөх тухай юм.
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ADHD-ийн оношилгоо эрчимтэй нэмэгдсэн. Ялангуяа насанд хүрсэн эмэгтэйчүүдийн дунд өмнө нь "анхааралгүй", "салан задгай" гэх зэргээр өнгөц дүгнэгдэж, анзаарагдалгүй орхигддог байсан шинж тэмдгүүд илүү тодорхой илрэх болов. Их Британийн судалгааны байгууллага “Nuffield Trust”-ийн тооцооллоор тус улсад л гэхэд хоёр сая орчим хүн буюу нийт хүн амын дөрвөн хувь нь ADHD-ийн шинж тэмдэгтэй амьдарч байна.
Гэвч хүний тархины нарийн төвөгтэй үйл ажиллагааг зөвхөн “эрүүл” эсвэл “эмгэгтэй” гэсэн хоёрхон туйлд хуваах нь эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж, хувь хүний давуу талыг бүдгэрүүлэх эрсдэлтэйг тус хэвлэл онцолжээ. Үүний бодит жишээ нь Английн зарим бүс нутагт онош тодруулах хүлээлгийн хугацаа бүхэл бүтэн 10 жилд хүрсэн явдал юм.
Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, сэтгэл хөдлөлөөр түргэн шийдвэр гаргах, өдөр тутмын ажлаа эмх цэгцтэй зохион байгуулж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг нь хүний дотоод мөн чанараас гадна гадаад орчинтой хэрхэн харилцаж буйгаас шууд хамаардаг.
Калифорнийн их сургуулийн Беркли дэх салбарын сэтгэл судлаач Стивен Хиншоу болон түүний багийнхан 2024 онд нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулсан юм. Тэд ADHD-тэй 500 орчим хүүхдийг 16 жилийн турш тасралтгүй ажиглахад оролцогчдын 64 хувийнх нь шинж тэмдэг цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, зарим үед эмнэлзүйн оношилгооны шалгуурыг хангахгүй болтлоо буурч байжээ. Гэхдээ ингэснээр ADHD бүрмөсөн алга болсон хэрэг биш бөгөөд тухайн хүний амьдарч, сурч, ажиллаж буй орчин нөхцөл түүний тархины онцлогт хэрхэн зохицож буйн илрэл юм.
Тиймээс хүнийг нэг хэв загварт хүчээр чихэх бус, орчныг нь уян хатан болгох шийдэл дэлхий дахинд туршигдаж эхэллээ. Английн Портсмут хотын боловсролын салбарт багш нарыг хүүхдэд заавал эмнэлгийн онош тавихыг хүлээлгүйгээр анхаарал төвлөрөл, эрч хүч, харилцааны онцлогийг нь ажиглаж, тохирсон дэмжлэг үзүүлэх арга зүйд сургаж байна.
40 минутын турш хөдөлгөөнгүй суухыг шаардахын оронд сурагчдад босож хөдлөх, багаар ажиллах орон зай олгох нь тэдний бүтээлч байдлыг нээх түлхүүр болдог. Энэ зарчим ажлын байранд ч ялгаагүй үйлчилнэ. Лондоны Биркбекийн их сургуулийн судлаач Нэнси Дойлийн тэмдэглэснээр байгууллагууд ажилтнуудаа нэгэн ижил хайрцагт оруулахыг хичээхийн оронд уян хатан цагийн хуваарь, дуу чимээ багатай орчин, товч бөгөөд тодорхой даалгавар өгөх зэргээр тэдний тархины онцлогт нийцсэн орчныг бүрдүүлбэл бүтээмж эрс нэмэгддэг байна.
Мэдээж хэрэг, энэхүү хандлага нь ADHD-г эмгэгийн жагсаалтаас хасаж, эмчилгээг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. ADHD-ийн нэрт судлаач Рассел Баркли энэ тал дээр нухацтай байр суурь илэрхийлж, шинж тэмдэг хэлбэлздэг байлаа ч хүний сурах, ажиллах, нийгмийн харилцаанд орох чадварт ноцтой саад учруулж байгаа тохиолдолд мэргэжлийн оношилгоо, эмчилгээ нэн чухал хэвээр байгааг сануулсан юм.
Английн Үндэсний эрүүл мэндийн албаны 2025 оны тайланд ч ADHD нь олон улсын ангилалд мэдрэлийн хөгжлийн эмгэг хэвээр бүртгэлтэй байгааг баталгаажуулжээ.
Эцсийн дүндээ бидний өмнө тулгарч буй гол сорилт бол “эмгэг мөн үү, биш үү” гэх маргаанд төөрөх бус, харин шаардлагатай үед нь шинжлэх ухаанч эмчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хувь хүний тархины өвөрмөц онцлогийг ойлгож, түүнд нь ээлтэй орчныг хэрхэн цогцлоох вэ гэдэгт оршиж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





