Уолл Стрийт технологийн салбарын огцом уналтын дараа сэргэх дохио өгч байна

АНУ-ын технологийн салбарыг нөмөрсөн огцом уналтын дараа даваа гарагийн арилжааны өмнө Уолл Стрийт хэсэг амьсгаа авч, сэргэх дохио өгч эхэллээ. Арилжаа нээгдэхээс өмнөх фьючерс зах зээлд технологийн Nasdaq 100 индекс 3 орчим хувиар ахисан бол S&P 500 индекс 2 хувиар өссөн байна. Гэхдээ Уолл Стрийт ийнхүү сэргэж байгаа ч Ази, Номхон далайн бүс нутгийн биржүүдэд сандрал хараахан намжаагүй байна.
Хөрөнгө оруулагчид өгөөж болон санхүүжилтийн баталгаанд эргэлзэж байна Сүүлийн өдрүүдэд зах зээлийг доргиосон савлагааны цаана хөрөнгө оруулагчдын хамгийн эмзэг сэдэв болох хөрөнгө оруулалтын өгөөж болон өрийн дарамт оршиж буй. Технологийн аварга компаниуд хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулах асар том дата төвүүдийг байгуулахад олон тэрбум ам.доллар цутгаж байгаа бөгөөд үүний багагүй хэсгийг зээлийн санхүүжилтээр босгосон. Харин одоо Уолл Стрийтийн шинжээчид эдгээр нүсэр бүтээн байгуулалт зээлийн хүү, үндсэн төлбөрийг нөхөх хэмжээний бодит орлогыг хэзээ бий болгох вэ гэх асуултыг тавьж эхлээд байгаа юм. Мөн түүхэн дээд цэгтээ хүрээд буй технологийн хувьцаануудын өндөр үнэлгээг “зөвтгөх” хангалттай суурь бий эсэхэд эргэлзээ үүссэн нь зах зээлд засвар хөдөлгөөн ороход хүргэв. Азийн зах зээлд уналт үргэлжилж байна Америкийн зах зээл дэх энэхүү эргэлзээний давалгаа дэлхийн хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээний төв болсон Азийн биржүүдэд хүндээр тусч буй. Ялангуяа Филадельфийн хагас дамжуулагчийн индекс баасан гарагийн арилжаагаар 10 хувийн уналттай хаагдсан нь чип үйлдвэрлэгчдийн хувьд жинхэнэ цохилт болсон юм. Үүний нөлөөгөөр Өмнөд Солонгосын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд голчлон жин дардаг Kospi индекс даваа гарагийн арилжаа нээгдсэн даруйд 3 гаруй хувиар унажээ. Мөн Тайванийн хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт 17 хувиар буурсан нь 1990 оноос хойших хамгийн өндөр уналт болж буй. Японы хөрөнгийн биржүүд бүх нийтийн амралтын өдрөөр хаалттай байсан ч фьючерс арилжаа улаан бүсэд үргэлжилж байна.
Бодлого тодорхойлогчид шаардлагатай арга хэмжээг авч байна Зах зээл дэх энэхүү “чөлөөт уналтыг” тогтоон барихын тулд Азийн бодлого тодорхойлогчид шуурхай арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал, Тайванийн санхүүгийн зохицуулагч байгууллага хувьцааг зээлээр авч зарах журмыг чангатгаж, спекулятив арилжааг хязгаарлах алхам хийсэн бол Хятадын хөрөнгийн биржүүд зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих зорилгоор маржин санхүүжилтийн шаардлагыг зөөлрүүллээ. Маржин санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулагчид өөрт байгаа мөнгөн дээрээ брокероос мөнгө зээлж нэмээд, илүү том дүнгээр хувьцаа эсвэл валют худалдаж авахыг хэлнэ. Харин Өмнөд Солонгосын Сангийн яам шаардлагатай тохиолдолд зах зээлийг тогтворжуулах санг нэн даруй дайчлахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





