Шадегийн минималист хэв маяг одоог хүртэл залуусын гангараа болж байна
Их Британийн дуучин Шаде Адугийн 1980-аад онд бүрдүүлсэн минималист хувцаслалт өнөөдөр Z үеийнхний загварын чиг хандлагад дахин хүчтэй нөлөөлж байна.

1980-аад оны поп хөгжмийн ертөнцөд тод өнгө, том хэмжээтэй үсний засалт, гялалзсан тайзны хувцас ноёрхож байх үед Их Британи-Нигерийн дуучин Шаде Аду тэс өөр дүр төрхөөр олны анхаарлыг татаж байв. Цагаан цамц, биед таарсан эрэгтэй загварын өмд, том алтан цагариг ээмэг, улаан уруулын будаг түүний таних тэмдэг болсон юм. Дөчин жилийн дараа ч энэ хэв маяг үнэ цэнээ алдаагүй төдийгүй нийгмийн сүлжээгээр дамжин шинэ үеийн залуусын дунд түгсээр байна. Харин загварын мэргэжилтнүүд түүний нөлөөг зөвхөн энгийн хувцаслалттай холбон тайлбарлах нь учир дутагдалтай гэж үзэж байна.
Загварын чиг хандлагыг дагахаас илүү өөрийн хэв маягийг бүтээсэн нь Шаде Аду 1979 онд Лондонгийн “Central Saint Martins” сургуулийг хувцас загварын чиглэлээр төгссөн бөгөөд эрэгтэй хувцасны загвар зохион бүтээх мэдлэг нь түүний хувийн хэв маягт чухал нөлөө үзүүлжээ. Тэрбээр бусад алдартнуудаас ялгаатай нь тайзны болон олон нийтийн арга хэмжээнд өмсөх хувцсаа стилистэд даатгадаггүй байв. Харин хувцасны эсгүүр, хэлбэр, материалын зохицлыг өөрөө сонгож, эрэгтэй хувцасны шулуун силуэтийг эмэгтэйлэг жижиг детальтай хослуулдаг байсан юм. Нью-Йоркийн “Fashion Institute of Technology” сургуулийн профессор, “Vibe” сэтгүүлийн ерөнхий редактор асан Эмил Уилбекиний тайлбарласнаар Уитни Хьюстон, Жанет Жексон, Мадонна нарын гял цал дүр төрх давамгайлж байсан 1980-аад оны үед Шадегийн даруухан хувцаслалт онцгой ялгарч байжээ. Шаде өөрөө ч загварын салбарын чиг хандлагад шүүмжлэлтэй ханддаг байв. Тэрбээр 1988 онд “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварын салбарын үйл ажиллагаанд дургүй, харин хувцсанд дуртай гэдгээ илэрхийлж байжээ.
Pinterest-ийн хайлт 217 хувиар өсчээ Шадегийн нөлөө олон арван жилийн дараа ч буураагүйг цахим платформуудын үзүүлэлт харуулж байна. “Pinterest”-ийн нийтлэлээс эш татсан мэдээллээр түүний хувцаслалт, үс засалт, нүүр будалттай холбоотой хайлтууд өмнөх жилийн мөн үеэс өссөн байна. Түүний хөгжмийн сонсогчдын дунд ч үе солигдож байна. Хөгжмийн стримингийн “Spotify” платформын өгөгдлөөр Sade хамтлаг сар бүр 28 сая орчим сонсогчтой байгаа бөгөөд хөгжмийг нь шинээр сонсож буй хүмүүсийн 60 гаруй хувь нь Z үеийнхэн байв.
Энгийн хувцаслалт яагаад онцгой харагддаг вэ? Загварын сэтгүүлч Шелтон Бойд Гриффитийн үзэж буйгаар Шадегийн хэв маягийн гол онцлог нь эрэгтэй, эмэгтэй хувцасны элементүүдийг хослуулсан байдал юм. Тухайлбал, “Turn My Back on You” дууны бичлэгт Шаде хамтлагийн гишүүдийн хамт зангиатай хослол өмссөн ч улаан уруулын будаг, том цагариган ээмэг, үсний засалтаараа эмэгтэйлэг дүр төрхөө хадгалсан байдаг. Хөгжмийн сэтгүүлч Кловер Хоуп түүний хувцаслалт ихэвчлэн даруухан хэрнээ нэг тод элементтэй байсныг онцолжээ. Заримдаа өнгө, заримдаа гоёл чимэглэл, эсвэл савхин бээлий зэрэг санаанд оромгүй гоёлоор энгийн хувцаслалтыг нь онцгой болгодог байв. Шадегийн хэв маяг өнөөдрийн “quiet luxury” эсвэл “clean girl” зэрэг чиг хандлагатай төстэй харагддаг. Гэхдээ тэрбээр эдгээр нэр томьёо бий болохоос олон жилийн өмнө өөрийн гэсэн хувцаслалтын зарчмыг бүрдүүлсэн юм. Түүний нөлөө загварын салбараас гадна орчин үеийн R&B хөгжимд хадгалагдсаар байна. Тухайлал, SZA, Сно Алегра зэрэг уран бүтээлчдээс эхлээд Бейонсе, Дрейк хүртэл Шадегийн уран бүтээлээс нөлөө авсан байдаг. Энэ утгаараа Шадегийн олон арван жил хадгалагдсан онцлог нь загварын чиг хандлагыг дагасандаа бус, өөрийн гэсэн дүр төрхийг тууштай хадгалж чадсанд оршиж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ



