БНСУ “Teach You a Lesson” кинотой адил шалгалтын үеэр нуусан гар утсыг илрүүлэхэд гамгийн дохиолол ашиглана
Өмнөд Солонгосын Засгийн газар их, дээд сургуульд элсэх үндэсний шалгалтын үеэр сурагчдын нуун авч орсон гар утсыг илрүүлэхийн тулд гамшгийн үеийн яаралтай сэрэмжлүүлгийн системийг ашиглахаар…

Өмнөд Солонгосын Засгийн газар их, дээд сургуульд элсэх үндэсний шалгалт буюу “suneung”-ийн үеэр сурагчдын нуун авч орсон гар утсыг илрүүлэхийн тулд гамшгийн үеийн яаралтай сэрэмжлүүлгийн системийг ашиглахаар болжээ. Уг арга хэмжээг Netflix-ийн “Teach You a Lesson” олон ангит кинонд гардаг үйл явдлаас санаа аван боловсруулсан байна. Тус улсын Ерөнхий сайд Хан Сон Сүк мягмар гарагт уг шийдвэрийг танилцуулж, шалгалт эхлэхээс өмнө сурагчдын хураалгаагүй гар утсыг илрүүлэх зорилгоор хамгийн өндөр түвшний онцгой байдлын дохиолол илгээхээр төлөвлөснийг мэдэгджээ. Тодруулбал, шалгалтын эхний хэсэг 08:40 цагт эхлэх бөгөөд үүнээс өмнө буюу 08:25–08:30 цагийн хооронд гар утсанд яаралтай сэрэмжлүүлэг илгээх аж. Энэ үед сурагчид ангидаа орж, хянагчид цахим төхөөрөмжүүдийг нь хурааж дууссан байх юм. Өмнөд Солонгосын гамшгийн сэрэмжлүүлгийн системийн хамгийн өндөр түвшний дохиоллыг хэрэглэгч ердийн тохиргоогоор унтраах боломжгүй бөгөөд асаалттай, уг системийг дэмждэг гар утсанд дуут дохио өгдөг. Ингэснээр гар утсаа нуун авч орсон сурагчдыг илрүүлэх боломжтой гэж албаныхан үзэж байна.
Netflix-ийн киноноос санаа авчээ “Teach You a Lesson” цувралын дөрөвдүгээр ангид сурагчид гар утсаа нуун авч орж, нийгмийн сүлжээ ашиглахын зэрэгцээ ангийн багшаа дээрэлхэж буй үйл явдал гардаг. Үүний хариуд багшийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд хичээл эхлэхээс өмнө онцгой байдлын дохиолол илгээж, хураалгаагүй гар утсуудыг илрүүлэн хураадаг байна. Өмнөд Солонгост 2005 оноос улсын хэмжээнд ашиглаж эхэлсэн гамшгийн сэрэмжлүүлгийн системийг шалгалтын үеэр нуун авч орсон гар утсыг илрүүлэх зорилгоор ашиглаж буй анхны тохиолдол болохыг эх мэдээлэлд дурджээ.
Нэмэлтээр 8,400 ажилтан ажиллана Зөвхөн дохиолол ашиглах нь бүх төхөөрөмжийг илрүүлэх баталгаа болохгүй. Зарим хуучин загварын 3G гар утас хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг хүлээн авахгүй байж болохоос гадна дохиолол илгээх үед унтраалттай байсан төхөөрөмж илрэхгүй өнгөрөх боломжтой. Иймээс Засгийн газар улсын хэмжээнд ажиллах 75,000 шалгалтын хянагч дээр нэмэлтээр 8,400 ажилтан дайчлахаар төлөвлөжээ. Нэмэлт ажилтнуудаас 6,600 нь хонгилд хяналт тавих бол 1,800 нь ухаалаг төхөөрөмж илрүүлэх үүрэгтэй ажиллана. Тэд хонгилд байрлуулсан цүнхнээс дуу, чичиргээ гарч байгаа эсэхийг шалгаж, ухаалаг шил болон шалгалтын төв доторх сэжигтэй холбооны дохиог илрүүлэх юм. Өмнөд Солонгосын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны гамшиг, аюулгүй байдлын удирдлагын газрын дарга Ким Кван Ён дохиоллоор илрүүлэх боломжгүй төхөөрөмжүүдийг нэмэлт үзлэг, холбооны бүртгэлийн шалгалтаар илрүүлэхээр төлөвлөснийг мэдэгджээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





