Монгол Улсын санаачилсан бичиг үсгийн боловсролын тогтоолд 112 улс нэгдлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Гуравдугаар хороо Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн баталжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны арваннэгдүгээр сарын хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн баталлаа. Тогтоолд уламжлалт бичиг үсгийн боловсролоос гадна цахим ур чадвар, хиймэл оюуны талаарх мэдлэг, насан туршийн суралцахуйн ач холбогдлыг онцолсон байна.
Шинэчилсэн тогтоол нь боловсролын салбарт технологийн дэвшилтэй холбоотой гарч буй боломж, сорилтыг багтааснаараа онцлог. Тухайлбал, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын орчинд шинэ технологийг аюулгүй, хариуцлагатай ашиглах, хэл, соёлын олон янз байдлыг хүндэтгэх шаардлагыг тусгажээ.
Цахим боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхийг уриалжээ Тогтоолд улс орнуудын болон нийгмийн бүлгүүдийн хоорондох цахим технологийн хүртээмжийн ялгааг бууруулах асуудлыг хөндсөн байна. Тодруулбал, хөгжиж буй орнуудын технологийн хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүд, охид болон эмзэг нөхцөлд байгаа иргэдэд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалжээ.
Мөн ЮНЕСКО-ийн бичиг үсгийн боловсролын шинэчилсэн стратеги, НҮБ-ын Залуучуудын албаны үйл ажиллагаа болон боловсролын асуудлаарх олон улсын сүүлийн үеийн уулзалт, бага хурлын үр дүнг тэмдэглэсэн байна.
Монгол Улсын санаачилсан уг тогтоолд дэлхийн бүх бүс нутгийг төлөөлсөн 112 улс хамтран зохиогчоор нэгдсэн нь бичиг үсгийн боловсрол, цахим ур чадвар, насан туршийн суралцахуйн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой аж.
Уг тогтоол боловсролын бодлогыг зөвхөн уншиж, бичих суурь чадвараар хязгаарлахгүй, технологийн өөрчлөлтөд дасан зохицох мэдлэг, чадвар болон боловсролын тэгш хүртээмжтэй уялдуулах юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





