Швед улс цахим сургалтаас ухарч, сурагчдыг хэвлэмэл сурах бичгээр хангахад хөрөнгө оруулж байна
Шведийн Засгийн газар сургуулиудын дэлгэцийн хэрэглээг бууруулж, хэвлэмэл сурах бичиг, гараар бичих дадал болон унших чадварыг хөгжүүлэх сургалтад илүү анхаарч байна.

Дэлхийн улс орнууд боловсролын салбартаа цахим технологи нэвтрүүлэхийг эрчимжүүлж буй энэ үед Швед улс сургуулиудын дэлгэцийн хэрэглээг бууруулж, хэвлэмэл сурах бичиг болон уламжлалт сургалтын аргыг түлхүү ашиглах бодлого хэрэгжүүлж байна. Олон жилийн турш сургалтын үйл ажиллагаандаа таблет, компьютер өргөн ашиглаж ирсэн тус улс сурагчдын унших чадвар буурч, цахим төхөөрөмж анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн судалгааны дүгнэлтүүдэд үндэслэн боловсролын бодлогоо өөрчилжээ. Шведийн Засгийн газар 2023 онд хэвлэмэл сурах бичиг, багшийн гарын авлага худалдан авахад 685 сая крон, 2024 онд 658 сая, 2025 онд 755 сая крон төсөвлөсөн байна. Харин энэ он болон дараагийн жилүүдэд энэ зориулалтаар жил бүр 555 сая крон зарцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр сурагч бүрийг хичээл тус бүрийн сурах бичгээр хангах зорилт тавьсан байна.
Сурагчдын унших чадвар буурсан нь бодлогоо өөрчлөхөд нөлөөлжээ Олон улсын PIRLS судалгаагаар Шведийн дөрөвдүгээр ангийн сурагчдын унших чадварын дундаж оноо 2016 онд 555 байсан бол 2021 онд 544 болж, 11 оноогоор буурсан байна. Гэхдээ тус улсын үзүүлэлт олон улсын хэмжээнд харьцангуй өндөр хэвээр байжээ. Мөн Шведийн Боловсролын үндэсний агентлагийн 2026 оны судалгаагаар сурагчдын сургууль дээр унших болон уншлагатай холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг хугацаа 2011–2021 оны хооронд долоо хоногт нэг цагаас илүүгээр багассаныг тогтоожээ. Шведийн Засгийн газар эдгээр өөрчлөлтийг харгалзан бага насны хүүхдийн сургалтад хэвлэмэл ном, гараар бичих, багшийн шууд оролцоотой хичээлийг чухалчлах болсон байна. Гэхдээ унших чадварын бууралтыг зөвхөн дэлгэцийн хэрэглээнээс шалтгаалсан гэж үзвэл өрөөсгөл. Цар тахлын үеийн сургалтын тасалдал болон сурагчдын нийгэм, эдийн засгийн ялгаа зэрэг бусад хүчин зүйл мөн нөлөөлсөн байж болзошгүйг судлаачид тэмдэглэжээ.
Сургуулиудад гар утас хэрэглэхийг хоригложээ Шведийн парламент 2026 оны зургаадугаар сард сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хязгаарлах хуулийн өөрчлөлтийг баталсан. Улмаар наймдугаар сарын 1-нээс шинэ зохицуулалт хүчин төгөлдөр болж, хичээлийн шинэ жил эхлэхэд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд бага, дунд сургуулийн сурагчид хичээлийн өдөр эхлэхэд гар утсаа хураалгаж, тарахдаа буцаан авдаг болсон байна. Тусгай хэрэгцээтэй сурагчдад тодорхой нөхцөлөөр төхөөрөмж ашиглах боломжийг үлдээжээ. Үүний зэрэгцээ 2024 оны долоодугаар сараас сурагчдын сурах бичиг болон бусад сургалтын хэрэглэгдэхүүн авах эрхийг "Боловсролын тухай" хуулиар тодорхой болгосон. Харин 2025 оны долоодугаар сараас сургуулиуд мэргэжлийн ажилтантай номын сантай байх шаардлага хэрэгжиж эхэлжээ. Шведийн бодлогын өөрчлөлт нь боловсролын салбарт технологийг бүрэн хориглож буй хэрэг биш. Харин хүүхдийн нас, суралцах хэрэгцээ, сургалтын үр дүнтэй уялдуулан цахим төхөөрөмжийг зохистой ашиглах, суурь чадварыг хөгжүүлэхэд хэвлэмэл сурах бичгийн үүргийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





