АН-ын бүлэг: Хоёр аймгийн Засаг даргад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд өгнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Увс болон Булган аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Увс болон Булган аймгийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлж, ажлын долоо хоногийн дотор хариу өгөхийг шаардлаа.
Тус бүлгийн арваннэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар дээрх хоёр аймгийн Засаг даргын томилгоо, албан тушаалд тавигдах шаардлага болон үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин мэдээлэл хийхдээ Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нартай холбоотой хууль зөрчсөн гэх асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна.
Тэрбээр шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлэхгүй, эсвэл холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандахаа илэрхийлэв.
Дээрх хоёр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ч мэдээлэл хийсэн байна. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн аймгийн Засаг дарга Э.Насанбатын боловсрол шаардлага хангаагүй, хууль бус баримт бичиг ашигласан гэж мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр, Боловсролын ерөнхий газраас авсан лавлагаанд Э.Насанбатыг холбогдох сургуулийг төгссөн тухай мэдээлэл байгаагүй гэж дурдаад энэ үндэслэлээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 62.8 хувь нь түүнийг огцруулахыг дэмжсэн тухай өгүүлжээ.
Мөн түүнийг улсын төсвөөс дэд бүтцийн зориулалтаар олгосон 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил гаргасныг буруутгасан байна.
Харин Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбаатар тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир төрийн албанд ажилласан хугацаагаа буруу мэдүүлсэн, Засаг даргад нэр дэвшихдээ ИНЕГ-ын Санхүүгийн албаны даргаар гурван жил ажилласан гэж мэдүүлсэн нь худал болохыг онцлов.
Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газраас 2026 оны нэгдүгээр сарын 23-нд авсан гэх албан бичигт түүнийг 2018–2023 онд энэхүү албан тушаалд ажиллаагүй гэж дурдсаныг иш татжээ. Иймээс түүнийг аймгийн Засаг даргаар ажиллах төрийн албанд ажилласан хугацаа шаардлага хангаагүй хэмээн үзэж, огцруулах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





