Ерөнхийлөгчийн бүрэн эрх УИХ-ын даргад шилжлээ: С.Бямбацогт сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв
Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Сүхбаатарын талбайд боллоо. У.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд Д.Сүхбаатарын талбайд боллоо.
У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл болон энх тайванч гадаад бодлогыг хамгаалахыг зорьж ажилласнаа онцолсон.
Мөн өөрийнх нь эсрэг гарсан мэдээлэл, улс төрийн үйл ажиллагааг гэмт бүлэглэлийн гүтгэлэг хэмээн тодорхойлж, тэдгээртэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа тухай байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг түр хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн тэргүүний бүрэн эрх, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгөхдөө Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой Үндсэн хуульд 22, бусад хуульд 45 эрх тусгагдсан байдгийг тайлбарласан байна.
Мөн УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр хэрэгжүүлэх нь Монгол Улсын түүхэнд анх удаа тохиож байгааг онцлоод дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн албан тушаалын шилжилт нь төрийн тэргүүний бүрэн эрхийн тасралтгүй байдал, дараагийн сонгуулийн тов болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал юм. Үндсэн хуулийн 37.2-т Ерөнхийлөгч албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ-ын дарга шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх, УИХ дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлан явуулах тухай тусгасан байдаг.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





