“PDD Holdings”-ийн тохируулсан цэвэр ашиг таамгийг 2.97 тэрбум юаниар давсан ч орлого нь хүлээлтэд хүрсэнгүй
“Temu” болон “Pinduoduo” платформыг эзэмшигч Хятадын “PDD Holdings” борлуулалт, маркетингийн зардлаа 17 орчим хувиар танаснаар гуравдугаар улирлын тохируулсан цэвэр ашиг нь 31 тэрбум юаньд хүрч,…

Хятадын цахим худалдааны “PDD Holdings” компанийн гуравдугаар улирлын тохируулсан цэвэр ашиг Уолл Стрийтийн шинжээчдийн таамгийг давлаа. Компани борлуулалт, маркетингийн зардлаа танасан нь ашигт ажиллагааг дэмжиж, тайлан танилцуулсны дараах арилжааны өмнөх үеэр хувьцааных нь ханш зургаа гаруй хувиар өсөв. Тайлант хугацаанд “PDD Holdings”-ийн тохируулсан цэвэр ашиг 31 тэрбум юань буюу 4.65 тэрбум ам.долларт хүрсэн нь Лондоны хөрөнгийн бирж группийн нэгтгэсэн шинжээчдийн 28.03 тэрбум юанийн таамгаас 2.97 тэрбум юаниар давсан дүн юм. Үүнд борлуулалт, маркетингийн зардлыг 17 орчим хувиар бууруулж, 25.3 тэрбум юань болгосон нь голлон нөлөөлжээ. Харин гуравдугаар улирлын орлого өмнөх оны мөн үеэс бараг өөрчлөгдөлгүй 108.3 тэрбум юаньд хүрч, шинжээчдийн 115.97 тэрбум юанийн хүлээлтээс 6.6 хувиар доогуур гарлаа. Дотоодын зах зээлд “Pinduoduo”, олон улсад “Temu” платформыг ажиллуулдаг “PDD Holdings” компани хямдрал, урамшууллаар дамжуулан салбартаа “Alibaba”-ийн “Taobao”, “Tmall”, мөн “JD.com” болон “ByteDance”-ийн “Douyin” зэрэг өрсөлдөгчтэйгөө ширүүн өрсөлддөг.
Европын зохицуулалт олон улсын өсөлтийг хязгаарлав “Temu”-ийн олон улсын үйл ажиллагаанд худалдааны татвар, зохицуулалтын өөрчлөлт шууд нөлөөлж эхэллээ. Өмнө нь АНУ Хятадаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлж, бага үнийн дүнтэй илгээмжийг татвараас чөлөөлөх зохицуулалтаа цуцалсан нь тус компанийг бизнесийн загвараа өөрчлөхөд хүргэсэн юм. Цахим худалдааны “WPIC Marketing + Technologies” компанийн гүйцэтгэх захирал Жейкоб Күүкийн үзэж буйгаар “Temu” АНУ-д дотоодын агуулах, худалдаа эрхлэгчдэд түшиглэсэн загварт шилжсэн нь татварын дарамтыг тойрч гарах зүйтэй гаргалгаа болжээ. Харин Европын Холбоо 150 еврогоос бага үнийн дүнтэй цахим худалдааны илгээмжид гурван еврогийн хураамж ногдуулж эхэлсэн нь борлуулалтыг сааруулж байгааг тэрбээр онцолсон байна. Европын Комисс “Temu”-г платформ дээрээ хууль бус барааны худалдааг хангалттай хязгаарлаагүй хэмээн буруутгаад байгаа юм. Олон улсын зах зээл дэх зохицуулалт чангарснаар “PDD Holdings”-ийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжааны сүүлд оны эхнээс хойш тооцсон дүнгээр 30 гаруй хувиар унажээ. Энэхүү зохицуулалтын өөрчлөлт салбарын бусад тоглогчдод ч нөлөөлж, өрсөлдөгч “Alibaba”-ийн олон улсын цахим худалдааны орлого найман хувиар буурсныг тус компани Европын Холбооны гаалийн шинэ журамтай холбон тайлбарласан байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





