Улаанбуудайн импорт 8.4 дахин өсч, цагаан будааных 26.3 хувиар буурлаа
Монгол Улс эхний 10 сарын байдлаар 142 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс 8.4 дахин өссөн үзүүлэлт болжээ. Жимс, самрын импорт 33, мах, өөхний импорт 28.

Монгол Улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт оны эхний 10 сард харилцан адилгүй өөрчлөгдөж, улаанбуудай, жимс, самар, мах, хүнсний ногооны импорт өссөн бол гурил, цагаан будаа, өндөгний импорт буурсан байна.
Тухайлбал, оны эхний 10 сард 142 мянган тонн улаанбуудай импортолсон нь 2025 оны мөн үеэс 8.4 дахин өссөн үзүүлэлт. Харин улаанбуудайн гурилын импорт 13.8 хувиар буурч, 21.7 мянган тонн болсон байна.
Улаанбуудайн импорт огцом нэмэгдсэн нь дотоодын үр тарианы нийлүүлэлт, гурил үйлдвэрлэх түүхий эдийн хэрэгцээ болон импортын бүтцэд гарч буй өөрчлөлтийг анхаарах шаардлагатайг харуулж байна.
Жимс, самрын импорт 33 хувиар нэмэгджээ Хүнсний ногооны импорт эхний 10 сард 122.7 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 8 хувиар өссөн байна.
Мөн жимс, самрын импорт 69.5 мянган тонн болж, 33 хувиар нэмэгджээ. Харин 2024 оны мөн үетэй харьцуулахад хүнсний ногооны импорт 17.5 хувь, жимс, самрын импорт 74 хувиар өссөн байна.
Мах, махан бүтээгдэхүүний импорт ч нэмэгджээ. Тахиа, гахайн мах болон өөхний импорт 45 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 28.4 хувиар өссөн байна.
Үүнээс гадна элсэн чихрийн импорт 56.2 мянган тонн болж, 16.7 хувиар нэмэгджээ.
Цагаан будаа, өндөгний импорт буурсан байна Харин зарим хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс буурчээ.
Цагаан будааны импорт 34.2 мянган тонн болж, 26.3 хувиар буурсан бол ургамлын тосны импорт 19.2 мянган тонн болж, 5.8 хувиар багассан байна.
Өндөгний импорт 82.4 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар буурчээ. Харин өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 4.7 мянган тонн болж, 0.7 хувиар өссөн байна.
Ийнхүү хүнсний бүтээгдэхүүний импортын бүтцэд гарсан өөрчлөлт нь дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэрэгцээ болон хүнсний зах зээлийн төлөвийг үнэлэхэд анхаарах үзүүлэлт болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





